С.Баярцогт Оюутолгойн гэрээг үзэглэсэн баярын мэндийг улстөрчдийн буруу ойлголтыг зөвтгөх тохимолоор хүргэв


2019-11-04 12:39:56

Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг үзэглэсэн 10 жилийн ойн баярын мэнд хүргэж мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюутолгойтой холбоотой тохимол гаргажээ. Энэ талаараа тэрбээр "Оюутолгойг үзэглэсэн 3 сайдын нэгнийх нь хувьд, тухайн үеийн Засгийн газрын кабинетын гишүүний хувьд тохимол гаргаж, гарын авлага болгон редакци болгонд илгээж байна" хэмээлээ. 

Монголын түүхэнд мөнхлөгдсөн Оюутолгойн  гэрээг боловсруулсан, хэлэлцэж баталсан УИХ, С.Баярын, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй гэдгийг тэрбээр мөн онцолсон. Гэвч 30 гаруй хоногийн өмнө болсон энэ баярт үйл явдлын талаар төр засгийн удирдлагууд чимээ аниргүй өнгөрсөнд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Харин тохимол гаргах болсон үндэслэлээ тэрбээр "Намайг энэ гэрээтэй холбоотойгоор 73 хоног хорьсон.  Оюутолгойн гэрээний Монголд  ашигтай заалт, Оюутолгой гэрээний ашгийг нэмэгдүүлсэн заалтаар буруутгасан. Надад манай хулуь, хүчнийхэн Оюутолгойн гэрээг сайн ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол төрсөн. АТГ дөрвөн хэсэг шинжээч гаргасан. Харин энэ гэрээний хэрэгжилтийг хангах ёстой Татварын ерөнхий газрын байцаагч нар ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.  Хуулийн зүйл заалт дээр үг үсэг нэмж байгаад дүгнэлтээ гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээний бүтэн зүйл заалтыг тодорхой өгүүлбэрээр тасалж аваад дүгнэлт гаргачихсан. Энэ дүгнэлтийг үндэслээд шүүхийн шийдвэр гаргавал Оюутолгой компаниас авах татвараа дутуу авахаар болно. Монголын шүүх ийм шийдвэр гаргасан юм чинь гээд Оюутолгойн хөрөнгө оруулагчид арбитр хандах боломж нээгдэнэ" хэмээсэн юм. Иймээс Оюутолгойн гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг энэхүү тохимолоороо ил гаргаж байгаа аж.

Зарим улстөрчид Оюутолгойн гэрээний төсөл 10 жил нууц байсан гэж иргэдийг төөрөгдүүлдэг гэдгийг ч тэрбээр хэлж байв.  Тиймээс энэ тохимол шийдвэр гаргагчдад ч бодитой мэдээлэл өгөхөд орших аж. Тохимолд  Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүд (монгол, англи), тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг багтаажээ.

Мөн Гадаад хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох тухай хууль гээд тухайн 2009 онд үйлчилж байсан хуулиудыг, гэрээ зурагдахын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган болсон тэр үеийн санал, үг хэлсэн хүн болгоны үгийг энэ тохимолд багтжээ.  Мөн Засгийн газар дээр хэлэлцэгдсэн бүх материалыг хуулбартайгаа байгаа гэнэ.

Энэхүү тохимолоо их, дээд сургуулийн номын сангуудад мөн байршуулж, эрдэмтдийн үгийг сонсохоо тэрбээр мөн мэдэгдсэн. Тохимолоор дамжуулан өөрийгөө эсвэл С.Баярын Засгийн газрыг зөвтгөх гээгүй гэдгээ тэрбээр хэлж байсан юм. Гэсэн ч дуугүй суугаад байвал буруутай гэсэн ойлголт үүсэх тул тодорхой мэдээллийг ойр ойрхон өгч, өөрөө олон нийтийн анхаарлын төвд байж, шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй өгч байхаа мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү