Агуулах барихад шаардагдах 500 сая төгрөгийг төсөвт тусгахыг дэмжив


2019-11-06 09:41:11

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлахад, гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад туссан “Хүүхдийн спортын наадам” гэснийг “Олон улсын залуучуудын ногоон наадам” гэж нэрийг нь өөрчлөх саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн гишүүн Ц.Цогзолмаа Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн урсгал зардалд дутагдалтай байгаа 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцад нэмж тусгах санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Түүнчлэн гишүүн Б.Ундармаа Гоц халдварт өвчний буюу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн агуулах барихад шаардагдах 500 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү