ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА


2019-11-14 18:36:07
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд саналыг гар өргөж баталгаажуулсан юм.
 
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.  
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ 2019 оны наймдугаар сарын 28, 29, есдүгээр сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Улмаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр УИХ төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, АН-аас ирүүлсэн “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг саналыг зөвшилцөн оруулж ирсэн юм.
 
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү