Гааль, НӨАТ-ын албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслүүдийг батлав


2019-11-29 08:38:08

Чуулганы хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлсний дараа төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх үзэж холбогдох саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

 Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж  өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн  53.8 хувь нь дэмжсэний дараа хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. 

Түүнчлэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо мөн өдрийн хуралдаанаараа Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдлаа. 

    Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх хэлэх гишүүн гараагүй тул  Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь  хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү