Л.Энх-Амгалан: Фэйсбүүкийг бүрэн хаахгүй ч тодорхой хэмжээнд хязгаарлана


2019-12-02 14:56:35

Уламжлал ёсоор УИХ дахь намын бүлэг хуралдав. Ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар МАН-ын бүлэг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр “Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсоод бүлгээс Сонгуулийн хуулийн энэ долоо хоногт өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг тус тусад нь батлана гэж тогтсон” талаар дуулгав.

Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусад нь боловсруулах ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. 2015 онд дээрх гурван сонгуулийн нэг хуультай болгосон. Ингэснээр 2016 онд гурван сонгууль явуулсан. Энэ гурван сонгууль тус бүрдээ онцлогтой. Эдгээр сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүйг амьдрал харуулсан. Тиймээс УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь боловсруулаад байна. 

Сонгуулийн тогтолцооны тухайд  50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс цаашдаа сонгуулийн мажоритар тогтолцоотой байна гэдгээ тунхагласан. Мөн УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгоно гэж заасан байдаг. Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо. Үүн дотор аймаг нэг тойрог, улс нэг тойрог, жижиг 76, том жижиг мажоритор буюу 50+26 гэсэн хувилбарууд бий. 50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. 26 том тойрогт нэр дэвшиж байгаа хүн улс даяар санал авна. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид саналаа өгнө. 

Улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлнэ. Нийлбэр дүнгээрээ тухайн намаас нэр дэвшүүлсэн 26 хүний нийт авч байгаа санал нь нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсныг тооцно. Сонгуулийн насны хоёр сая хүн байгаа. Үүнээс сонгуулийн ирц 70 хувьтай гэж үзвэл 1.6 орчим хүн санал өгнө. Үүний 50 хувь нь МАН-аас нэр дэвшиж байгаа 26 хүнд санал өгсөн гэдэг дүн гарах юм бол 26-гийн 13 нь МАН-д хуваарилагдана гэсэн үг. Гэхдээ нам дугуйлахгүй, хүн дугуйлна” гэлээ. 

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон. Цаашид улс орнууд фэйсбүүк компанийн зүгээс ч сонгуулийн шударга хийх нь улс орны тогтолцооны асуудал гэж үзээд сонгуулийг хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд ирж, сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.

-Намуудын санхүүжилтийг Сонгуулийн хуульд тусгасан уу?

-Сонгуулийн хууль бол сонгогчийн эрх ашгийг хамгаалсан хууль. Сонгогчид энгийн ойлгомжтой, нөлөөлөлгүй байх нь сонгуулийн зорилго. Тиймээс сонгогчийн эрх ашгийг нэгт тавьж буй. Тиймээс сонгогч сонголтоо хийхэд гадны ямар нэг нөлөөлөлгүй байх үүднээс тодорхой хязгаарлалт хийж байгаа. Хууль зөрчиж, зохион байгуулалттай хуурамч аккаунтаас хандахыг хязгаарлана. Түүнээс иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ.

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн сурталчилгаа үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү