Сонгуулийн холимог тогтолцоо буюу МАН-ын айдас


2019-12-03 09:03:06

УИХ-ын сонгуулийг 50+26 хувилбараар явуулах талаар хэлэлцэж эхлэв. Өдгөө МАН асуудлыг ярьж байгаа боловч АН-ын санал гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр АН-аас гурван санал зөвшилцлийн ажлын хэсэгт тавьсан. Тодруулбал, эхнийх нь Монгол Улсын ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, хоёрт сонгуулийг холимог тогтолцоотой явуулах, эцэст нь Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх. Эцэг хуулийг МАН сөрөг хүчингүй батлахаар улайрч байна гэх шүүмжлэлээс эмээсэндээ АН-аас тавьсан 3 саналын хоёрыг нь хүлээн авсны нэг нь сонгуулийн холимог тогтолцоо. Гэхдээ ах нам арга сийлсэн нь хуулийн хэрэгжилтийг 2024 он болгох.

Хэрэв хуулийн хэрэгжилтийг ирэх оноос тавьж, УИХ-ын 2020 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулбал МАН өмнөх үйлдлээ давтаж, булшаа өөрөө ухна гэсэн үг.

2012 оны сонгуулийн өмнө 48+28 хувилбарыг тухайн үеийн эрх баригч нам болох МАН-ынхан боловсруулж, УИХ-д өргөн барьж, батлуулж байв. Гэвч үр дүнд нь ялагдал хүлээж, хамраараа шороо үмхсэн. Хэдийгээр АН үнэмлэхүй олонх болж чадаагүй ч “Шударга ёс эвсэл”-тэй хамтран Засгийн эрхийг атгаж, МАН хатавчны хаяанд суусан. Өнөөгийн МАН-ын дарга У.Хүрэлсүх намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон ч хаяавч бараадахаас эмээж, харь улсыг зорьсон гунигт түүх ч энэ намд бий.

Дэмий л гудамжинд үе үе гарч жагсаал хийж, парламентын хаалгыг буйдангаар хааж эмгэнэлтэй, бас инээдтэй дүр төрхийг улс төрд “мөнхөлсөн”. Азаар гэлтэй АН дотооддоо бужигнаж, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцож, дараагийн Засгийн газраа байгуулах гэж тэвдэн, парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй хэлэлцээ хийж, нэг ёсондоо тэднийг царайчилж байсан АН тухайн үед МАН-ынхны хэлсэн бүхнийг “За” гэсэн юм.  Ингэж МАН-ынхан 100 хувь мажоритарыг санал болгохдоо АН-тай байгуулсан гэрээгээ дахин дахин сануулж байлаа. Хэрэв 100 хувь мажоритар тогтолцоог нь дэмжихгүй бол МАН засгаас гарна гэж айлгаж байсан үе ч бий гэлцдэг. Үлгэн салган байгаа шийдлийн нэртэй ч шийдэмгий бус Засгийн газраа унагачихвал АН-ынханд хүнд цохилт болох учраас 2016 оны сонгуулийн тогтолцоотой манатай. Уг нь АН-ынхан өнгөрсөн парламентын бүрэн эрхийнхээ хугацааны туршид холимог хувилбар дэвшүүлж байсан ч 2016 оны сонгуулийн өмнөхөн “Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн” гэх шалтгаанаар байр сууриасаа ухарч, нэг мандаттай мажоритар тогтолцоо буюу 76 тойрогт сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн нь тэр. Ийнхүү МАН санасандаа хүрч, өдгөө парламентын хойморийг зайдагнаж сууна.

Жижиг тойрогт нэр дэвшигчид хөгжлийн хөтөлбөр гэхээсээ мөнгөнийхөө хэмжээгээр өрсөлддөг сул талтай. Хэн нь жалга довондоо илүү танигдсан, аль нэр дэвшигч мөнгийг хэр цацсанаас нь хамаарч сонгуулийн үр дүн гардаг хувилбар. Мөн сонгогчдын санал хамгийн ихээр үнэгүйддэг, гээгддэг гээд дурьдвал сул тал олон. Гэхдээ энэ нь өнөөгийн эрх баригч МАН-д тун ашигтай. Энэ хувилбарын хүчинд олон жил Засгийн эрхэнд зайдагнаж байгаа.

Нөгөөтэйгүүр, холимог тогтолцоо буюу намыг болон нэр дэвшигчийг дугуйлах хувилбараар МАН ялалт байгуулахгүй нь тодорхой. ЖДҮ, тендер, концесс, төсвөөс хусаж болох бүхнийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр авч, авлига,  хүчин, хүн амины хэрэгт холбогдсон эрх баригч нам. Дээр нь татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн, үнийн хөөрөгдлийг бий болгосон гээд сайн гэхээсээ саар үзүүлэлт өндөртэй энэ нам УИХ-ын сонгуульд гарч ирэх боломж үнэндээ үгүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр “усалсан” тойрогтоо улаан нүүрээ улалзуулаад л авлигач, концесчин, ЖДҮ-чнээрээ дуудуулаад өрсөлдөхөөс өөр сонголтгүй болсон гэсэн үг.

Тиймээс л АН-ын саналыг хүлээн авсан ч 2024 он болгон хойшлуулсан хэрэг. Харамсалтай нь гар бариад бугуй гэгчээр АН сонгуулийн холимог хувилбарыг 2020 оны сонгуулиас эхлэн мөрдөж эхлэх шаардлагыг тавьж эхэлсэн гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү