Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавилаа


2019-12-03 18:33:21

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж, энэ тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ.

Уг албан бичигт: 

“Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна.

Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй, ижил төрлийн 2 холбоо ажиллах нь ямар үр дагаварт хүргэдгийг 2 хуваагдан маргаж, эрх ашгаараа талцан тэмцэлдэх болсон спортын холбоод, тэр дундаа Монголын Үндэсний бөхийн холбоодын жишээнээс бодитойгоор харж болно.

Эдгээр холбоодын маргаан, тэмцэл нь салбар бүрт, тухайн салбарын мэргэжилтэн болоод ажилтан, ажиллагсдын эрхийг тэгш хангаж, хамтран хөгжих бодит боломжийг олгосон “Мэргэжлийн холбоо”-г төр хуулиар байгуулж өгөх шаардлагатай болсныг бүрэн харуулсан гэж хэлж болох бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан салбар бүрт мэргэжлийн нэг холбоо байх үзэл баримтлал бүхий “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо болон гишүүдийн олонх хэлэлцэхээр дэмжсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Салбар бүрт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн нэг холбоо байх эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааных нь нөхцөл, баталгааг хуульчилж өгөх нь төрийн оновчтой зөв бодлогын нэг болно. Тухайлбал энэ чиглэлд Монголын Хуульчдын холбоог жишиг болгон харж болохоор байна. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсанаар зөвхөн өмгөөлөгчдийн асуудлыг эрхэлж, үр дүн муутай хумигдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагыг төрийн бодлогоор татан буулгаж, “шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн”, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүхий Монголын Хуульчдын холбоог хуулиар байгуулсан бөгөөд энэ холбоо 6 дахь жилдээ ажиллаж байна.

Шинэ бодлогын үр дүнг үзэх, шинэ байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд 6 жил хангалттай хугацаа биш боловч энэ богинохон хугацаанд Монголын Хуульчдын холбоо эрчимтэй ажиллаж, дотооддоо танигдсан, гадаад улс орнуудад үнэлэгдсэн томоохон байгууллага болж чадсан байна.

Тухайлбал Монголын Хуульчдын холбоо олон улсын болон бүс нутгийн хуульчдын нөлөө бүхий холбоодын гишүүн, тэргүүлэгч гишүүнээр тус тус элсэн, дэлхийн 20 гаруй орны ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж, 2020 онд Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь удаагийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг тэргүүлэгч гишүүнийхээ хувиар аваад байна. 

Аливаа улс орон, тэр дундаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам бэхжүүлэх мөнхийн шаардлага дунд амьдардаг манайх шиг улсын хувьд нийгмийн бүхий л салбар, түвшиндээ гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, харилцаа, хамтын ажиллагааг тал бүрээр бэхжүүлэх нь нэн чухал бөгөөд миний бие хуульчдын холбооны энэхүү амжилтыг талархан дэмжиж, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. 

Дэлхийн 40 гаруй улс орноос 1500-2000 орчим зочид төлөөлөгч ирж оролцох энэхүү олон улсын хуульчдын томоохон арга хэмжээнд Засгийн газар болон холбогдох яамд мөн анхаарлаа хандуулж, Улсын Их Хурлаас Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулсан, гадаад орчинд эргэлзээтэй, дотооддоо бас нэгэн талцал хуваагдлыг бий болгосон, сөрөг үр дагавар бүхий хуульчдын зэрэгцсэн 2 холбоо байгуулах бодлогоо эргэн харж, дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна. 

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Монголын Хуульчдын холбооны урилгаар манай улсад айлчилсан гадаадын зарим улс орны зочид төлөөлөгчдийг миний бие хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр манай Хуульчдын холбооны тогтолцоог бусад улс орнууд ихэд үнэлж, өөрийн улсдаа нэвтрүүлэх сайн туршлага хэмээн үзэж байсныг онцлон тэмдэглэе.

Хэдийгээр улс орны маань өнөөгийн нөхцөл байдал тийм сайнгүй байгаа боловч дэлхийн хөгжлийг тодорхойлж, эрх зүйн соёл, ухамсраараа тэргүүлж явсан их гүрний хувьд өнөөдрийн улс орнуудад жишиг болох сайн бодлогыг нэгээр тогтохгүй гаргаж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхнийг Монголын Хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь нэн ойлгомжгүй байна.

Тодруулбал, Монголын Хуульчдын холбоо нь чиг үүргээ хороодоороо дамжуулан хэрэгжүүлэх хуультай бөгөөд тус холбооны бүтцэд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгч бүрийг нэгтгэн бүртгэсэн Өмгөөлөгчдийн хороо ажилладаг. 

Тиймээс нэн шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын Хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийхэд болохоор байна. 

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдаж буй аливаа хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон шаардлагад бүрнээ нийцсэн байх учиртай. 

Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн зарим бүлэг, зүйл, хэсэг, заалт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх”, мөн зүйлийн 29.1.7 дахь заалтын “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх”, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх” гэсэн шаардлагуудыг хангаагүй байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэнд нийцэхгүй, зөрчилдөж байна. 

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их Хурлыг зохион байгуулах, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг;”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна”, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна” гэсэнд нийцэхгүй, тус тус зөрчилдөж байна.

Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй аль нэг саналтай огт холбогдолгүй бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид “төсөл” гэх/-ийг дараах үе шаттайгаар хэлэлцэнэ:”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэснийг тус тус зөрчсөн байна. 

Иймд Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү