У.Хүрэлсүх бүтэн нойртой хонох ч хол байна даа


2019-12-09 09:13:57

Сонгуулийн тухай хуулийг мэс заслын ширээн дээр гаргаж ирээд байна. Хэдийгээр 50+26 буюу холимог тогтолцоо гэх оношыг эх барих эмчийн зүгээс тавьсан ч хүйсийг өөрчлөх хагалгааг 10 хоногт амжиж хийхийг илүүд үзэж байгаа нь илт.

Одоогийн өргөн барьсан төслөөр УИХ-ын 76 гишүүний 50-ыг жижиг тойргоос, 26-г улс нэг тойргоос сонгоно. Н.Учрал гишүүний тайлбарлаж байгаагаар “50:26 хувилбараар явбал улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд нь хэрэгжих боломжтой. Санал аваад гарч ирж байгаа 26 гишүүн бодлогын хэмжээний асуудалд онцгой анхаарах боломж нээгдэнэ”. Харин үлдсэн 50 нь жалга довны үзлээрээ парламентын босго алхана.

2012 оны сонгуулийн тогтолцоог бодвол энэ удаад нам биш хүн дугуйлна. Намыг дугуйлах нь Үндсэн хуультай харшилсан зүйл гэх шийдвэр хэдийнэ гарчихсан. Гэхдээ хүн дугуйлах нь эцэг хуулийн таалалд нийцэх эсэх нь одоогоор эргэлзээтэй. Учир нь эрх барих намын цөөнгүй гишүүн хүн ч, нам ч дугуйлсан ижил Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн тайлбарлах болсон. Тиймдээ ч одоогийн өргөн барьсан хувилбарыг дэмжихгүй гэдгээ ил, тод илэрхийлэх болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын 76 гишүүний нэр хүнд маш муу байгаа. Олон нийтийн зүгээс олон асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь сонгогч нараас холдоод байгаагийн шинж. Тойрогтоо ажилладаг, иргэдийн санаа бодлыг сонсдог, хүсэл эрмэлзлийг нь төрийн бодлого болгодог зүйл байхгүй. Тиймээс энэ орон зайг нөхөхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Миний хувьд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог дэмжихгүй байгаа. Намын ард нуугдах, ард иргэдээсээ холдох, санал бодлоо нэгтгэх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуулиар янз бүрийн санал гаргаж байгаа. Миний хувьд шууд жижиг мажоритар тогтолцоог дэмжинэ” хэмээн хэлсэн юм.

Үнэхээр ч МАН-ын нэр хүнд муу байгаа. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, татвар нэмэгдүүлсэн, үрэлгэн зардал их гаргасан. Дээр нь хүчин, концесс, ЖДҮ гэхчлэн тусгай сангуудын хэргийг сөхнө. Ийм үед холимог тогтолцоо МАН-д ашигтай гэх хувилбарыг цөөнгүй харж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Тэрбээр “Улс төрчийн рейтинг гэж байдаг. Рейтинг өндөртэй гишүүн гэж ард түмний хамгийн их итгэл хүлээсэн хүн байдаг гэж үзэж буй учир рейтинг тогтоох судалгаагаар тодруулна. Бидний тоглоомын дүрэм бол ерөөсөө л энэ” гэв.

Ийнхүү Сонгуулийн хуулийг эх барих ажиллагаанд хүндрэл учирч, эрх баригчид талцав. Хуульд зааснаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг сонгууль товлон зарлахаас зургаан сарын өмнө баталсан байх ёстой. Эрх баригчид энэ сарын 25-наас өмнө амжиж, өөрчлөлтийг хийж чадвал хууль зөрчихгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Одоо тэдний хувьд ажлын 11 өдөр үлдлээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ долоо хоногт Ажлын хэсэг байгуулагдан ажиллана. Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөлөөс холимог тогтолцоог дэмжсэн гэж байгаа ч хэрэгжих хугацааг хойшлуулахыг “үүрэгдсэн” гэх мэдээлэл бий. Гэвч АН үүний эсрэг байр суурь илэрхийлж, эрх баригчдыг буланд шахсан. Учир нь АН-ын дэвшүүлж байсан холимог хувилбарт мэс ажилбар орж, танигдахаа больсон гэнэ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “50 нь мажоритар тойрог. Тойргийн систем эвдэрнэ. Жижиг 76 тойрог чинь 50 болж томорно гэсэн үг. 26-г ямар зарчмаар сонгох вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж байна. Хэрэв нам болгон 26 нэр дэвшигч дэвшүүллээ гэхэд энэ 260 хүнээс хамгийн олон санал авсан эхний 26 нь сонгогдоно гэвэл жижиг намуудын боломж багасна. Парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй, сонгодог парламентын зарчим. Тиймээс ч АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд унасан. АН холимог тогтолцоон дээрээ байр суурь хэвээр байгаа. Хэрвээ пропорцианаль тогтолцоог оруулсан бол улс төрийн намыг авлига хандиваас ангид байлгахын тулд төрөөс санхүүжүүлдэг зарчим нь зөв байсан. Харамсалтай нь одоо байхгүй. Улс төр яагаад авлигатай холбогдоод байгаа вэ гэхээр жижиг 76 тойрогт бэлэг тараах, хүмүүст мөнгө тараах хэлбэр түгээмэл байгаа учир авлига буурахгүй байгаа юм. Хэрэв 100 хувь пропорцианаль байсан бол энэ мөнгөний асуудал өөр тийшээ шилжих байсан. Энэ боломжийг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алдсан. Хоёр мандаттай жижиг тойргоос сонгогч хоёр хүнийг дугуйлж, саналаа өгөх эрхтэй байхад 26 мандаттай улс нэг тойргоос нэг л нэр дэвшигчийг сонгогч дугуйлахаар тулгаж байгаа нь фашизм. Улс нэг тойрог 26 мандаттай юм бол 26 нэр дэвшигчийг дугуйлах эрхийг сонгогчид өгөх ёстой” гэсэн юм.

Мэдээж МАН дотооддоо эв зүйгээ олж чадвал жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцаж л байдаг гээд асуудлыг хүч түрэн шийдвэрлэх боломжтой. Гэвч өнөөгийн өргөн барьсан төслийг шүүмжлэгчид цөөнгүй байгаа нь асуудлын гол. Магадгүй тойргийг нь барьцаалан, нэр дэвших мандатаар нь далайлган асуудлыг шийдэх гарц байж болох. Гэхдээ энэ нь аюулыг даллахаас биш асуудлыг шийдэхгүй гэдгийг гишүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, асуудал даамжирч Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах байдлаар үргэлжилнэ мэднэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү