МАН-ын эвдрэл, элдэв татварууд АН-ыг удирдах З.Энхболдод олз болно


2019-12-09 10:15:18

УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сүүлийн хоригоо “тавилаа”. Төрийн тэргүүний тамгыг атгах шахам суудаг гэгдэх тэрбээр ирэх оны сонгуульд нэр дэвших тул оноос өмнө ажлаа өгөхөө мэдэгдсэн. Хэдийгээр Үндсэн хууль баталсны дараагаар ажлаа өгөхөө мэдэгдэж байсан ч ирэх оны төсвийн зарим хэсэгт хориг тавих ажиллагааг “гардсан” тул асуудлыг хойшлуулсан тухай эх сурвалж мэдээлсэн.

МАН 2016 оны сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх нь битгий хэл эсрэгээр нь хэрэгжүүлж эхэлсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн халаасанд гараа дүрсэн эрх баригчид ирэх оны төсвийн төслийг батлахдаа улс орноо бодсонгүй хэмээн Төрийн тэргүүн шүүмжиллээ. Тэрбээр “Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй” хэмээн онцолсон.

Мөн МАН-ыг засагласан гурван жил гаруй хугацаанд бүтээн байгуулалт өрнөж, үйлдвэр хоршоо байгуулагдаагүйг шүүмжилсэн юм. Тиймдээ ч 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй болсон гэнэ. Товчхондоо, Төрийн тэргүүний нэр дээрх хориг АН-ын 2020 оны сонгуулийн үг шиг уншигдаж эхлэв. Өөрөөр хэлбэл, АН-ыг 2020 оны сонгуульд удирдан орох З.Энхболдын бэлдсэн үг гэмээр байсныг улстөр сонирхогчид хэлж байна.

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн батлах үеэр эрх баригчид өөр зуураа хэрэлдэж, чиний миний тойрогт бага мөнгө хуваарилсан гэх маргаан нэлээдгүй дэгдсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тойрогтоо 231.2 тэрбумын концесс төсөвлөсөн талаар чуулганы танхимд шуугиан тарьсныг ч энд онцлоё.

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 7 концессийн асуудлаас болж хойдохоо уншуулж байсан удаатай. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт 67.7, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр 9.5, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн тойрог болох Увс руу 130 тэрбум гэхчлэн урсгасныг мартаж болохгүй. Үнэндээ Ж.Эрдэнэбатыг “Танхимын сайд нартаа 800 тэрбум төгрөгийн концесс өгсөн” хэмээн буруутгаж, суудлаас нь буулгасан. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатад хамаарах концессын гэрээг цуцалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдөд дур зоргоор нь өгсөн гэлцдэг. Энэ нь ч батлагдаж, ирэх оны төсөвт “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын концесс тухайн үедээ 211.3 тэрбумаар төсөвлөгдөж байв. Тэгвэл 2020 оны төсөвт 231.2 тэрбум болж,  өртгөө 20 тэрбумаар өсгөж оруулж ирсэн. Үүнээсээ болж АТГ-д шалгагдсан асуудал ч бий.

Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв хэлэлцэх бүрт өөрийн тойрогтоо их хэмжээний мөнгө тусгаж, бусдыгаа хаядаг зуршилтай нэгэн. 2018 онд мөн ийм асуудал дэгдэж, Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь тойрогт хамгийн их буюу 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн шуугиан дэгдэж байлаа. Энэ бүхэн АН-ынханд олз болж, өдгөө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд авсан нь энэ.

Ирэх оны төсөвт хэсэгчлэн тавьсан хоригт “Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсч, иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдлээ” хэмээж байгаа.

МАН-д адлуулж, АН-ын аманд багтах сэдэв үүгээр тогтохгүй олон бий. Харин З.Энхболд өнөөдрийн өндөрлөг дээрээсээ дахин нэг амжуулж хийх ажил үлдлээ. Тэр нь ирэх оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах. Эрх баригчдын хүссэнээр 2024 он гэх хугацааг нааш татах ажлыг эрчимжүүлж, оны өмнө энэ бүхнийг эцэслээд шинэ онтой уралдан ажлаа өгөхөөр зэхээд байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү