Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д нэр дэвших 5 хувийн квот "гуйлаа"


2019-12-09 12:32:13

УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот тогтоож өгдөгтэй ижил хөгжлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сонгох боломжийг ч нээж өгөхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулж өгөхийг хүслээ. Энэ саналаа ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн гэнэ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат "Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,000 орчим иргэн байгаа нь нийт сонгогчдын 10 хувийг эзэлж байна. Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр шийдвэрлэхээр 30 жил оролдсон хэдий ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэр дэвшигчдийн 5 хувийн квот тогтоож, Сонгуулийн хуульд оруулж өгөхийг хүсэж байна. Сонгогчдын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нөхцөлд сонгогдох эрхийг хангах шаардлагатай" хэмээлээ.

Мөн өмнөх сонгуулиудын жишээнээс харахад, санал авах байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжтэй биш байдгийг тодотгов. Мөн сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчийн танилцуулга, санал өгөх талаарх зааврыг дохионы хэлээр хүргэх, брайл үсгээр бичсэн саналын хуудас хэвлэх, тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг санал авах байранд бий болгох шаардлагатай байгааг энэ үеэр хэлсэн.

Хэдийгээр 2008 оны сонгуулиар санал авах байрууд дээр тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шийдсэн ч 2012 оны сонгуулиар үгүй болчихсон гэнэ. Иймээс квотын хажуугаар энэ бүхнийг ч хуульчилж өгөхийг хүслээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү