ТАНИЛЦ: Биширч шүтмээр Б.Ундармаа


2019-12-13 11:18:51

Саяхан даа. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд өндөр өсгийт, дэгжин хөдрөгтэй нэгэн хүн гөлөмцүү орж ирээд, ширээнээ тухалсан яриа өвсөнд тавьсан түймэр шиг цахим орчинд шуугиан тарьсан. Бодвол тэр халамцуу бүсгүй ажлаа хийж явсан байх. Сэтгэл нь л сайхан юм. Хэдий ууж идсэн ч ажлаа умартаагүй, төрийн түшээгийн тэр сэтгэлийг биширмээр. Түүнийг эл үйлдлээс нь хойш өдгөө түмэн олон андахгүй нүдэлж.

Гэхдээ тухайн үед тэрбээр бүсгүй хүн болсон хойно согтуу хөлчүүгээрээ дуудуулан яаж дуугүй байх билээ. Удаа дараа “Би согтуу байгаагүй. Зүгээр ядарсан байсан. Би архи дарс огт уудаггүй. Уусан ч найз нөхдийн хүрээнд дарс л ууна уу гэхээс хатуу зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Амарзаяа гишүүн надаас юм асуух гээд “Ийшээ суучих” гэсэн юм. Бид хоёр хэдэн үг солиод босохын төдий агшныг олон нийтийн сүлжээгээр цацсан байна лээ. Энэ бол нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлнэ. Хоёрдугаарт, гишүүдийн нэр төрд халдаж байна. Хэн, хаанаас авч тараасан зэрэг бүх мэдээллийг бид мэдэж байгаа” хэмээн мянгантаа мэдэгдэл хийв ч ард түмэн сонсох дуртай зүйлээ л сонсдог хойно хэн ч түүнийг сонсохыг хүсээгүй. Ядаж байхад төр түшилцэх түмний үйл хэргийг ялангуяа, эмэгтэй гишүүдийн биеэ авч яваа байдал, өмсч зүүх, хэлэх үг, хийх үйлдэл нь олны анхаарлын төвд байж, шүүмжлэл хүлээх нь түгээмэл байдгийг хэлэх үү. Хөөрхий тэр согтуу байсан болоод л үлдсэн. Үнэндээ согтуу байсан уу, үгүй байсан уу бүү мэд. Ямар ч байсан түүний үйлдэл эрхэм гишүүнийг олонд таниулсан “гавьяа”-тай, домгийн ч юм уу...

Удалгүй тэр “Капиал” банк минийх биш гэж мэлзэв. "Бишрэлтийн" гэх тодотголтой Б.Ундармааг олонд нүдлүүлсэн дараагийн сэдэв нь “Капитал” банкны дампуурал. Уг нь худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 орчим ажилтан бүхий “Бишрэлт” группийг удирдан тэрбээр 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулж байсан түүхтэй.

Монголын бизнесийн талбарт өөрийн вант улсаа байгуулсан тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр хоёронтоо сонгогдож, Боловсролын дэд сайдаар ажиллаж явсан нэгэн. Өдгөө энэ парламентын пампарстай жаалаар цоллуулж байв. Хөрөнгө мөнгө ихтэй эл авхай Төрийн өндөр сэнтий рүү мацсан нь халдашгүй дархан эрх ямбатай холбоотой болов уу.

Өнөөгийн УИХ-ын 75 гишүүнд халдашгүй дархан эрх гэж нэг юм бий. Энэ эрхээр түрий барьж дураар авирлаж, хуулийн дээгүүр гишгэлж болдог гэж тэд ойлгодог бололтой. Тэдний нэг нь эл эрхэм. Тусгай сангуудын хөрөнгөөр гараа угааж, банкаа өргөжүүлж явсан нь өнгөрсөн өдрүүдэд ил болсон. Тодруулбал, Монгол банкнаас “Капитал” банкийг дампуурсаныг зарласнаар эл банк төрийн мөнгийг хэрхэн угааж байсан нь илэрсэн гэхэд хилсдэхгүй. Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг энэ банкинд байршиж байж. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг гэнэ.

Банк дампуурч, дээрх хөрөнгө салхинд хийсэв. Энэ зуур “Капитал” банкны 99,97 хувь эзэмшдэг гэх УИХ-ын гишүүн Б.Ундармаа тайлбар хийхээс татгалзан энэ үйл явдалд "Улс төрийн нөлөө орсон" хэмээх нь тэр. Улмаар Капитал банк өөртэй нь огт хамааралгүй талаар учирлаж байлаа. Харин АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкны 99.97 хувь буюу нэг сая 300 мянган ширхэг хувьцааг эзэмшдэг болохыг харж болно.

Уг нь тэр ингэж мэлзэхийн оронд толгой гудайлган уучлалт гуйж, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдэн дархан эрхээ тайлсан бол. Хууль тогтоох дээд байгууллагын хүн ийм л байх учиртай гэмээр... Гадны оронд ийм нөхцөл байдал үүсвэл банкаа дампууруулсан гишүүн нь аль хэдийн уучлалт гуйж, хуулийн шүүхийн өмнө өөрөө очиж, бөхөлзөж яваа. Харамсалтай нь, манайд улс төрийн нөлөөллөөр гэх тайлбар өмнөтгөл юм шиг уягдаж, араас нь “Би буруугүй, миний биш” гэх тайлбар ёс юм шиг дагалддаг боллоо. Өөрөөр хэлбэл, энэ бүхэнд хэн ч буруугүй. Гагцхүү өнөөх муу улс төрийн л буруу.

Б.Ундармаа гишүүний хувьд “Капитад” банк бол нэг л охин компани төдий. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Зоол гоёл” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Бишрэлт косметикс энд фейшн” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Капиталмаркет корпораци ҮЦК” ХХК, “Капитал банк” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэзам” ХХК гэх мэт компаниудын хувьцаа эзэмшигч болохоо мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Ундармаа гишүүн 10 хуруун дахь бөгжнийх нь нэг нь хаягдсан төдий гэдгийг эндээс харж болно. Харин татвар төлөгчдийн хувьд байсан ганц бөгжөө бусдад алдчихаад тэвдэж явна.

Сонгууль бүрээр Сонгинохайрхан дүүрэгт зодоглож явсан тэрбээр дархан эрхээ далбаа хийх эцсийн зорилготой байжээ гэлтэй. Дөрвөн жилийн давтамжтайгаар байдгийнхаа баруун хаяагаар үзэгддэг тэрбээр бусад цагт нь намынхаа томоохон хандивлагчдын нэг байсныхаа буян заяаг эдэлдэг гэх үү дээ. УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг орон сууц нь 2 болж аривжсан, хөл дүүжлэх унаагүй байсан тэрбээр өдгөө 280 сая төгрөгийн өртөг бүхий “Mercedes Benz,S500” маркийн автомашинтай. 430 сая төгрөгийн үнэт зүйлтэй, 26 компанийн эзэн болжээ. Ийм арга ухаан нарийн эрхэм гишүүнийг бишрэхгүй гээд яанам.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү