ТАНИЛЦ: Халаас нь цоорох шахсан Сангийн сайд


2020-01-08 09:03:42

Олон улсын валютын сангийнхны өмнө толгой бөхийн, царайчлан гүйх Монгол Улсын Сангийн сайд. Улсын авдран дахь хэдэн төгрөгөө ч дур мэдэн зарцуулах эрхгүй тэрбээр өнөөгийн намын удирдлагуудынхаа үгнээс гардаггүй сайн “жаал”. Ганц дайсан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд. Яагаад ч юм, хэзээнээс ч юм бүү мэд, тэд нэгнийгээ харах бүртээ харшилж, хэл амаа билүүддэг зуршилтай.

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох тухай асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж эхлэхэд ах дүүстэй нь холбоотой лицензийн асуудлыг сөхөж гаргасантай нь холбоотой биз. Эл асуудал өдгөө ч үе үе хөндөгдөж, Засгийн газрыг ганхуулах хөзөр болж эргэлдэх нь бий. Гэсэн ч чих зөөлөнтэй, үг цөөтэй, даалгавар сайн биелүүлдэг хүнээ У.Хүрэлсүх тавиад явуулах тун дургүй. Ямартаа Монгол Улс саарал жагсаалтад багтсан ялыг Ч.Хүрэлбаатарыг тойруулан асууж, төвбанкны ерөнхийлөгчийг, Санхүүгийн зохицуулах хорооны даргатай нь золиослож байх вэ дээ. Уг нь энэ асуудлаар хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн нь Ч.Хүрэлбаатар. Тиймдээ ч АН-ынхан Сангийн сайдын хар толгойтой хариуцлага тооцохыг удаа дараа шаардсан. Харамсалтай нь “Увс” бүлэглэлийн Хүрлээ Ухнаагийн хүүгийн халааснаас цухуйгаагүй юм. Эцэст нь Ч.Хүрэлбаатарыг тэргүүн худалч хэмээн АН-ын дарга С.Эрдэнэ цоллосоноор асуудал намжсан юм.

Эдийн засгийн багш мэргэжилтэй Ч.Хүрэлбаатар Н.Энхбаярын Засгийн газрын үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдсан нэгэн. Түүнээс хойш тэрбээр уруудсан нь үгүй. Чухамдаа улс төрийн карьер нь зогсолтгүй өссөн нэгэн гэж тодотгож болохуйц. Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайд, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын алба хашиж явна. Гэхдээ энэ их замыг туулахдаа тийм ч сайн нэрийг зүүсэнгүй. Зарлагдсан ихэнх тендерийг намын болон тойрон хүрээлэгчиддээ өгдөг гэх яриа дагалдаж, тэр бүү хэл “тендер” Хүрлээ гэх хоч нэгэн үе дагалдаж байв.

Харин энэ парламентад ахыгаа Консул болгосон ачтан, О.Баасанхүүг заналхийлсэн “хэрэгтэн” нэгэн гэх тодотголтой. Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Ганболд томилогдсон нь олны анхаарлыг татсан. Энэ талаар мань хүн “Ахын хувьд насаараа төрд ажилласан. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Энэ бүхнийг нь харгалзаж үзсэн юм байлгүй. Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй” хэмээх тайлбарыг хийсэн юм.

О.Баасанхүүгийн тухайд түүнд ямар нэгэн юм болвол Ч.Хүрэлбаатараас амийг нь нэхээрэй гэх утгатай үгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ч.Хүрэлбаатар өөрийг нь заналхийлсэн тул хамгаалалтад авахыг УИХ-ын даргаас хүсэв. Гишүүний хэлсэнээр Ч.Хүрэлбаатар гишүүн түүнийг заналхийлж, эцэг, эхээс заяасан нэрийг нь доромжилж гутаасан аж. Азаар түүнээс хойш ямар нэгэн зүйл болоогүй юм даг.

Жилийн 29255.14 мянган төгрөгийн орлоготой. Уг нь Сангийн сайд болсон жилээ 44311.68 мянган төгрөгийн орлоготой байсан ч хямарчихсан. Гурван ч орон сууцтай. Хөл дүүжлэх унаатай байсан ч Сангийн сайдын албыг хаших болсноор өөрийн эзэмшлийн автомашингүй болсон. Хурдын удмын адуутай байсан ч мөн л тэг заасан үзүүлэлттэй. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаанаас өөр зүйлгүй. Товчхондоо хувьдаа компанигүй, аль нэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй нэгэн хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьджээ.

Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа ч Сангийн сайдын хөрөнгө шавхагдаж байгаа үзүүлэлтийг АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгээс энэ мэтчилэн харж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү