Д.Тэрбишдагва "Зааг"-ийг задалж, Хүчирхэг Монголыг “дуудлаа”


2020-01-15 12:07:39

-Ээжээ, энэ Д.Тэрбишдагва гэж хүн их өрөвдөлтэй бас азтай хүн юм аа.

-Яаж байна.

-Багад нь ээж, аав нь тэнгэрийн орон руу явж, олон сургуульд шилжиж суралцсан гэж байна. Шилжих болгонд шинэ хүүхэдтэй танилцаж, хэцүү байсан байх, тэ. Бас гараа хөлдөөгөөд хуруу нь мойног болчихсон гэнэ. Энэ хуруу нь яг одоо ч хэвээрээ байдаг болов уу. Бас их мундаг хүн юмаа. Ийм олон ажил хийж үзэж, гадаадад сурч боловсрол эзэмшчихээд Монголдоо ирж ажилласан. Зөөгч хийж байсан хүн том дарга болсон гэж байна.

-Тиймээ хүн хөдөлмөрлөж чадвал ийм амжилтад хүрч болдог юм охин минь.

-Энэ хүн одоо байдаг уу. “Амьд”-аар нь харах юмсан.

10 настай охин маань “Зааг” номыг уншиж дуусгаад надтай ингэж хөөрөлдсөн юм. Өнөөгийн хүүхдүүдийг ном бариулж суулгана гэдэг амаргүй. Охины маань хувьд ч номны зургийг нь үзчихээд тавьчихдаг нэгэн. Тийн атал хар, цагаан өнгөтэй, хүүхдийн хувьд сонирхол татахааргүй зурагтай “Зааг” номыг бүхлээр нь уншиж дуусгасанд би ч гайхдаг. Өөрийнх нь хэлсэнээр хүнийх нь зураг их таалагдсан гэж байгаа. Юутай ч сар гаруйн хугацаанд энэ номыг уншиж дуусгахдаа охин маань хоёр Герман, мөн социализм, ардчиллын талаар өвөөгөөсөө асууж, лавлаж, түүхэн мэдлэгээ дээшлүүлсэн гэж хэлж болно. 

Дөрөвдүгээр ангид байхдаа автын ослоор аавыгаа алдаж, сувилагчийн буруугаас эхийгээ тэнгэрт үдэж, амаргүй амьдрал туулсныг, хот, хөдөөгийн гэх хүүхдүүдийн дундах үзэл суртлын заагийг энэ номноос мэдэж болно. Алаг цоог нийгмийн шуурганд өртөж, алагчлуулж шоовдорлуулах үе энүүхэнд ч малчны хотноос Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болтлоо өсөн дэвжсэн нь “Маргааш гэж юмыг хойш тавих яснаасаа дургүй. Өнөөдөр бол маргааш биш гэдгийг ямагт санаж явдаг. Яарвал даарна гэж хаширлах биш яаж хожих вэ гэж зорьж тэмүүлбэл залуу насанд илүү хожилтой” гэх өврийн дэвтрийнх нь хэдхэн өгүүлбэрээс тодордог.  

“Тархины хөлсөө дуслуулж, эцэж цуцаж хийсэн бүхэн амттай. Тиймээс “Зааг” номыг уншихад үнэхээр амттай, нэн сонирхолтой байлаа” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, судлаач До.Цэнджав “Зааг” номны талаар бичсэн нь бий. Түүний ном эмх цэгц, цаг хугацааны дараалал алдагдсан мэт харагдавч бүлэг бүр нь сайн нэхээстэй даавуу мэт тодорно. Шаглаа бүрээс хөврөх учиг нь нэг тодорч бүдгэрэх ч дараагийн бүлгийн хамгийн чухал хэсэг болж тодрох нь уншигчийг эрхгүй татна. Олон ангит кинонд хамгийн амттай хэсгээр төгсгөж дараагийн ангийн хүлээлтийг үлдээдэг шиг.

Нэг хүний амьдрал гэхээсээ илүүтэй академич Л.Болдын хэлсэнчлэн эгэл нэгэн намтар биш Монгол Улс шинэ сонголт хийсэн 30 шахам жилийн улс төрийн амьдралын ээдрээ будлиан, эрээн барааныг гоёчлолгүй илэн далангүй өгүүлсэн чөлөөт сэтгэлгээний бүтээл юм.

Профессор В.Алзахгүй “Зааг” бол роман, памфлет болжээ гэж дүгнэжээ. Тэрбээр “Баримт тулгуурлаж, уран сайхны аргаар бичсэн, он цагийн бичиглээс, чамгүй цаг хугацаа, орон зайд зохиогч, гол дүртэй янз бүрийн жишмээр холбогдсон зөндөө олон хүнийг хамарсан жинтэй сайн ном юм. Агуулгын хувьд аж байдал, нийгэм, улс төрийн, бичлэгийн хэлбэрийн хувьд нийтлэл, уран сайхны, роман, памфлет гэдэг төрөл зүйлд багтах бүтээл туурвил гэж тохоон оноожээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва маргааш “Зааг” номоо “задална. Чухамдаа тэрбээр тухайн үедээ шуугиан тарьж, бест селлер болж байсан “Зааг” номыг нь уншиж, шүүмж, задлан шинжилгээ хийсэн бүтээлүүдийг эмхэтгэн “Заагийг задлахуй” номоо уншигчдын гар дээр тавилаа.   

2017 оны 3 сарын 30-нд “Зааг” номыг баримтаглаж байв. Тэрбээр энэ тухай “Дээл анх урлаад хаваасаа авч байгаа үйлчин охин шиг “Зааг” номынхоо дээжээс гартаа нандигнан барьж байхдаа би Монгол түмэн минь хагарал, талцлын зааггүй болоосой хэмээн бэлэгшээн бодож, улс төр, нийгэм эдийн засгийн чиглэл, нам бүлэг, шашин шүтлэг, хөгшин хөвөө, залуу балчир гэж харгалзахгүйгээр олон ч хүнийг номын нээлтэй урьж билээ” хэмээн “Заагийг задлахуй”-н оршилд дурсчээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хоёр дахь бүтээлд ерөнхий боловсролын 12 дугаар сангийн сурагчийн эссе бичлэгээс эхлээд сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн, докторуудын магтаал, шүүмжлэл, эргэцүүлэл багтсан байна. Тухайлбал, Утга зохиолын доктор, нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхай “Нийгэмд бугшсан хямралын үндэс, үнэн рүү сайтар шагайхад сайн ном хамгийн сайн “дуран” болдог. “Зааг ном “Дуран”. Монголын улс төр, нийгмийн үнэний “хөшигний ард” өрнөсөн, өнөөдөр ч өрнөсөөр буй зарим ороолдоо, ончроотой үйл явцын далд руу үл ялиг нэвтрэхэд харин ч үл ялиг гэхээргүй талбайг ил харуулж чадсан нь түүний сөрөг үр дагаварын зарим шалтгааныг ойлгох бололцоог олгож байна” гэжээ.

Мөн тэрбээр “Заагийг задлахуй”-гаас гадна “Хүчирхэг Монгол эргэн ирнэ” номоо ч маргааш баринтаглах юм. Авах хүнд нэг үг ч гэсэн эрдэм гэж... Зохиолчийн хэлсэнээр “Зааг” номонд энэ цагийн өмнөө барих олон хүн шүүмж, судалгааны өгүүлэл бичсэн тул мөнөөх хоёр номоо хойш тавьж, нийгэм юуг хүлээж байна. Энэ цагийн ямар гэгч бугшил идээлэхдээ тулаад байна. Түүнийг хэрхэн яаж өөрчлөх вэ зэрэг цөөнгүй чиглэлээр олон санаа гарч ирсэн төдийгүй эрдэмтэн, докторуудын өгсөн гэрийн даалгаварыг хичээнгүйлэн хийж, зүгээр суух эрхгүйгээ ухамсарлан “Хүчирхэг Монгол эргэн ирнэ” бүтээлээ туурвилаа хэмээжээ.

Эрлийн хүн эрсэн малаа олтол бэдчин эрдэгтэй адил зохиолч маань Монгол орон даяар эрдэмтэн, судлаачид, сэтгүүлчид явж, асууж, сурч, лавлаж явдаг нэгэн. Ингэж явахдаа цуглуулсан бичиг, түүхэн сурвалжуудад тулгуурлан дээрх номоо бүтээсэн байна. Тэрбээр “Эх орныхоо түүх соёл, хөгжлийн чиг хандлага, гарц гаргалгааг шинжлэх ухааны үндэстэй судалгаа, бодит баримтад тулгуурлан сэтгэж, ярьж чадах эрдэмтэн мэргэдтэй уулзаж тэмдэглэл ярилцлага хийж явснаа эвлүүлэн бүтээснээ онцолсон юм. Өөрөөр хэлбэл, “Зааг”-ийг залган эрдэмтэдтэй хийсэн хөөрөлдөөн, тэмдэглэл, ярилцлага, бодролоор бүтээгдсэн “Хүчирхэг Монгол эргэн ирнэ” хэмээх бүтээлээс Монгол Улсын түүх, соёл, уламжлалыг танин мэдэх юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү