УИХ-ын гишүүд Цагаан сараар бэлэг тараах хориотой


2020-01-15 12:21:15

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд шинэ хуулиар Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон гэхчлэн олон өөрчлөлт орсныг СЕХ-ны дарга танилцууллаа.  

Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болжээ.

Мөн шинэ хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно.

Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагдсан. 1992, 2008 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. Ерөнхийдөө тэр жишгээр тойрог, мандат хуваарилана гэлээ.

Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана.  Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлэхээр болжээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гадаадад байгаа иргэд санал өгөх байхаар хуульчилсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүндрэлтэй байдаг. 

-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинийн баяраар сонгогчдод гарын бэлэг тараавал хууль зөрчих үү.

-УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Зөвхөн ажлын тайлангаа тойргийн сонгогчдодоо тавьж болно.

-Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай заалтууд тусгагдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.  

-Цахим орчныг хязгаалах тухай яригдаж байна. Хэрхэн хязгаарлалт хийх вэ?

-Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.  Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. 

Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгаа зогссон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол ХХЗХ-ноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү