Н.Номтойбаярыг ноолох захиалгыг хэн өгөв


2020-01-20 08:57:04

Ардчиллын алтан хараацайг шүүхийн танхимд хэдэн цагаар “торлов”. Улсын баатар Э.Бат-Үүлийн нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн долоон хоногийн даваа гарагт товлогдсон. Санаатай гэх үү, санамсаргүй гэх үү эл өдөр Үндсэн хууль баталсан ойн баяртай давхцав. Хэдийгээр Э.Бат-Үүлийн төрсөн өдөр биш ч түүний хувьд эл өдөр чухалд тооцогдох ёстой хэмээн олон нийт талцан маргалдсан юм. Гол нь шүүх хурал товлосон хугацаанд хуралдаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирээгүйгээс хойшлов. Тиймдээ ч олны нийтийн хардлагыг улам гүнзгийрүүлж, эл үйл явдлыг санамсаргүй тохиолдол биш гэж дүгнэсэн.

Хөгшин арслан дахин идшинд гарав. Урьдын адил ганзага хоосон ирж мэдэх ч, шархлуулаад авья гэсэн төлөвлөсөн бололтой. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өмнө нь УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргаж байсан ч олонх хүлээж аваагүй. Хэдийгээр тэрбээр яс зууж дөнгөөгүй ч нэр бүхий эрхүүдийг их, бага хэмжээгээр шархлуулж, хашааны гаднаас олон нийтээр өндөг шидүүлж дөнгөдөг. Энэ арга нь ч үр дүнгээ өгч хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга гадны дайралтыг даван туулж дөнгөлгүй өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, шүүхийн хаалга татсан юм.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Хэдийгээр залуу гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай яриа үе үе өндрөө авдаг ч энэ удаагийнх шиг албажиж байсангүй. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон, мөн Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны асуудлаар эгүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  ямар үндэслэлээр эгүүлэн татах болсныг Халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэр гарсны дараа танилцуулна гэдгээ онцолсон. Гэхдээ энэ удаагийн хэрэгт хэд хэдэн анхаарал татах зүйл бий.

Асуудлыг яагаад томчууд эзгүйд оруулж ирэв. УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолттой, намын генсек ч эзгүй энэ үед асуудлыг оруулж ирсэн нь хачирхалтай. Мөн Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн бараг 50 хувь нь эзгүй. Б.Жаргалсайхан прокурор ийм мэдрэмжгүй нэгэн үү, эсвэл сиймхийг ашиглах өөр шалтгаан байв уу.

Нөгөөтэйгүүр, Ерөнхий прокурор нэлээд урт хугацаанд өвчтэй байсан бөгөөд ажилдаа орсон анхны өдрөө асуудлыг өргөн барьсан. Түүний эзгүйд ажлыг нь орлогч С.Алиманцэцэг нь хариуцаж ажиллаж байсан. С.Алиманцэцэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “шадар цэрэг” гэгддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн “гарын хүн” аж. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хэргийг мөрдөн илрүүлээд прокурорт шилжүүлэхээр уусан ширгэж, алга болж байгаа тухай өнгөрсөн жил мөн ч их гомдоллосон. Гэтэл энэ бүхнийг С.Алиманцэцэгтэй холбон тайлбарлах нь бий.

Тэгвэл С.Алиманцэцэгээр энэ асуудлыг өргөн бариулалгүй Б.Жаргалсайхан яаран сандран УИХ руу гүйсэн нь анхаарал татна. Улстөрчдийн яриагаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Төрийн тэргүүнтэй ойлголцож, эргэн ажилдаа ирж байгаа нь энэ гэх. Уг нь мань хүнийг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар томилсон. Тэр бүү хэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой нэг нутаг усны ах дүүс. З.Энхболд, Б.Жаргалсайхан нарыг тун ч ойрын эрхмүүд гэлцдэг. Тиймдээ ч зөвлөх нь санал болгож, Ерөнхийлөгч дэмжин УИХ-д нэрийг нь өргөн барьж, Ерөнхий прокуророор томилсон аж.

Б.Жаргалсайханыг эл албан тушаалд томилогдоход өмнөх ерөнхий прокурор М.Энх-Амгалантай харьцуулж, шударга хүн томилогдлоо хэмээн салбарынхан нь алга хавсарч байсан нь бий. Чухамдаа Б.Жаргалсайханы ганц дутагдал нь тэр бүр бусдын үгээр хөдөлдөггүй нэгэн аж. Тиймдээ ч Төрийн тэргүүний саналыг хүлээж авалгүй, “өвчтэй” гэх үндэслэлээр суудлаа эзгүй орхисон гэх яриа бий. Харин энэ зуур орлогч нь асуудлыг эцэслэж, мань хүн Н.Номтойбаяраар ажилдаа дахин орсон бололтой.

Уг нь прокурорын байгууллагаас өргөн барьсан хүсэлтийг эрх баригч нам хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана. Харамсалтай нь, хэн хэн нь эзгүй. Тиймдээ ч намын дарга болон генсекийн эзгүйд асуудлыг өргөн барих тохироо хийгдсэн гэх явган яриаг чихний хажуугаар өнгөрөөж боломгүй. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нарын харилцаа тун таагүй. Хэн хэн нь дүрс хийсэн ууртай, нэгнийхээ ар, өврийг ам нээх бүртээ уудалж байдаг хоёр гэхэд болно. Өнөөх алдарт 30 гэр бүлийн нэгээр Н.Номтойбаярыг намын дарга нь нэрлэж, нөгөөх нь дүүгийнх нь ЖДҮ-гийн асуудлыг ил болгож байсан гэхчлэн дурьдвал мундахгүй. Сүүлийн үед тэдний харьцаа улам хүндэрч байгаа намынхан ч хэлдэг. Тиймээс Н.Номтойбаярыг зайлуулах “захиалга” эзгүй нь хэрэгжиж эхлэв үү.

Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хуралдах хуулийн заалттай. Гэвч Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа тул ирэхээр нь хэлэлцэхээр болж хойшлуулсан юм. Гэхдээ халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаярыг эгүүлэн татах хүсэлтийг танилцуулах үеэр гишүүний бусадтай гар зөрүүлж байгаа бичлэг цахим орчинд гэрлийн хурдаар тархах нь тэр. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй гар зөрүүлж байгаа Н.Номтойбаярын бичлэг яагаад заавал энэ үед ил болов.

Юутай ч Н.Номтойбаярыг эгүүлэн татах эсэх асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ Ч.Улаан сайдын томилолт дуусаагүй байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв тийм бол асуудал дахин хойшлох бололтой.

Намын даргын даалгавараар чулуу хөдлөөгүй л бол эрх баригчид Н.Номтойбаярыг тийм амархан тавиад явуулчихгүй. Гэхдээ нам ч, эрхэм гишүүн ч хажуу хавиргандаа шархтай үлдэнэ. Мөн Н.Номтойбаярын асуудлын дараагаар хэд хэдэн гишүүний асуудлыг УИХ руу оруулж ирэх тухай яриа бий. Хэдийгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байж дөнгөхгүй ч хазаад тавиад байх боломж бий гэсэн үг. Иймээс л З.Энхболд МАН-ыг хэмлэж байна гэж яригдах болсон биз.

Гэхдээ шинэ долоон хоногийн дуулиан Н.Номтойбаяраас илүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр өндрөө авах бололтой. Австрали улсын Сидней хотод албан айлчлал хийж яваа эрхэм даргын казино тоглож байгаа бичлэг өнгөрсөн долоон хоногийн сүлүлд олны сонорыг мялаасан. Төрийн алба хашиж байгаа хэнбугай ч мөрийтэй тоглосон бол хариуцлага тооцно хэмээн Ерөнхий сайд том дуугарсан нь бий. Тиймээс намын дарга болоод Ерөнхий сайд үгэндээ хүрэх эсэх нь бүлгийн даргынхаа хар толгойг хэрхэхээс шалтгаалах нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү