УИХ-ын гишүүд КАЗИНО тоглосон нь нотлогдсон ч хүлээлгэх хариуцлага байхгүй


2020-01-21 09:04:42

Айлчлалынхан үгээ нэгтгэв

УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар албан ёсны айлчлалаар Авсрали явсан УИХ-ын гишүүд казино тоглож байгаа зураг цацагдаж дуулиан тарив. Зургийг эвлүүлэг гэх шүүмжлэл ч тэр даруй өрнөж, олон нийт амралтын өдрийг талцаж өнгөрүүлсэн.

Чиний, миний нам гэгчээр Д.Эрдэнэбатын бие биш байна, толгой нь том байна, Д.Тогтохсүрэн бол яах аргагүй танигдаж байна гэж цэнхэр булангаас шүгэлтэв. Харин улаан булангаас Д.Тогтохсүрэн биш царайг нь сайн ажигла гэх байдлаар давалгаалсан юм. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эл үйл явдал үнэгүй өгөөш л гэсэн үг.  

Эцэст нь хэргийн эзэд ирсэн ч сэтгүүлчдийн нүднээс дальдчиж, хэсэгтээ “үзэгдсэнгүй”. Гэтэл үдээс хойш ар араасаа хэвлэлийн бага хурал зарлаж, казиногийн тухай хуультай холбоотой туршлага судалж, танилцах аялал хийсэн хэмээн тайлбарлав. Цаас дэлгэж уншаагүй ч утга найруулга, үг өгүүлбэрийн хувьд тэдний хэлсэн үг зөрсөнгүй.

Казино тоглосон бичлэг бий юу

Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын казинод байгаа зургийг видео бичлэгээс тасдаж авсан нь илт. Өөрөөр хэлбэл, ганц зураг биш бичлэг бий гэсэн үг. Хэдийгээр тэд тоглоогүй  танилцах аялал хийсэн төдий гэж байгаа ч тэрхүү бичлэг олон нийтэд ил болвол тэр үед юу хэлэх бол. Магадгүй ширээний ард сууж, яаж тоглодгийг нь харсан юм. Эсвэл хөтөлбөрийн дагуу тоглож үзсэн юм гэх байдлаар тайлбар хийж мэдэх юм.

Мөн тоглоогүй гэх атлаа Д.Лүндээжанцан гишүүнд тоглох ямар мөнгө байх вэ дээ гэх Д.Эрдэнэбатын тайлбар. Д.Лүндээжанцан гишүүн балайшиглаж, нөгөө хэд нь тоглосон байж ч мэдэх нэг өнцөг. Шулуухан хэлэхэд, мөнгөгүйгээрээ хөгшин гишүүн харж балайшиглахаас хэтрээгүй байхыг үгүйсгэх аргагүй. Харин нөгөө гишүүдийн хувьд танилцах аялалын хүрээнд казинотой  илүү дотносох сэдэл төрсөн нь тэр биз.

Тэд тоглосон нь илчлэгдвэл...

Хэрэв бичлэг задарч, тэд тоглосон нь илчлэгдвэл хэрхэх вэ. Гол нь мөнгөний эх үүсвэр хаанаас вэ гэдэг нь чухал. Түүнээс биш улстөрч казино тоглож болохгүй гэсэн хууль одоогоор Монгол Улсад байхгүй.  Харин тоглосон бол улстөрчид казинод хэдэн төгрөг зарцуулав, тэр нь хувийнх нь валют байв уу, татвар төлөгчдийн мөнгө үү гэдэг нь гол сэдэв.

Өөрөөр хэлбэл, видео задарч, гишүүд тоглосон нь илчлэгдвэл тэд хэдэн төгрөгөөр тоглосноо дахин хэвлэлийн бага хурал хийж, зарлах шаардлага үүснэ. Улмаар тэр мөнгөний эх үүсвэрийг ч мөн танилцуулах юм.  Хэрэв төрийн мөнгөөр казино тоглосон бол гэмт хэрэг.  Улмаар асуудал ч өөрөөр эргэж болно.

Хүлээлгэх хариуцлага байхгүй

УИХ дахь МАН-ынг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хэлсэн үгэнд “Хариуцлага хүлээхэд бэлэн”. Хэн хэн нь энэ үгийг тун ч бардам байдлаар хэлнэ билээ. Учир нь тэдэнд хүлээлгэх хариуцлага хуульд байхгүй тул ингэж бардамнахаас ч аргагүй.

Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-т Гадаад зорчихдоо мөрийтэй тоглоом /казино/ тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байхаар заасан. Энэ заалтыг өнгөрсөн жил нэмэлтээр оруулсан билээ. Хэрэв ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байхыг ч мөн заасан.

Гэхдээ УИХ-ын гишүүд бол төрийн албан хаагч биш. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэднийг төрийн албан хаагч хэмээн жишсэн ч хуульд энэ талаар байхгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагч нарыг казино тоглохыг нь хориглож, хатуу хариуцлага хүлээлгэх талаар онцолсон. Гэвч төрийн албан хаагч гэх тодотголтой учир энэ шийдвэр УИХ-ын гишүүдэд хамаарахгүй. Гагцхүү энэ бүх заалт Элчин сайд Б.Чулуунхүүд хамааралтай. Тиймээс тун удахгүй тэрбээр эх орондоо эргэн ирж мэдэх нөхцөл байдал бий болж байгаа юм.

Хэрвээ төрийн албан хаагчдын нэгэн адил хориглох ёстой гэж үзвэл УИХ-аас хууль батлах шаардлага үүснэ.  Иймээс нэр бүхий эрхмүүдийн тоглож байгаа бичлэг ил болсон ч, тэд тоглосон гэдгээ хэлсэн ч өнөөдрийнх шигээ “Хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх үгээр ам таглах биз. Магадгүй ёс зүйн хариуцлага яригдаж, дэд хороогоор хэлэлцсэн болоод даргын суудлаас нь ховхлох төдий асуудал өнгөрч мэдэх л юм. Гэхдээ энэ болтол зай ч байна, лай ч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү