Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан шинжээчдэд ял оноожээ


2020-01-21 10:29:33

Хүчингийн хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзсан Д.Гантулгад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл эл хэрэгтэй холбоотойгоор бусдыг хүчирхийлсэн хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан хэрэгт холбогдсон ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гарагт хэлэлцэн, өчигдөр шийдвэрээ гаргасан байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 256.1-т заасан “Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн” гэмт хэрэгт буруутай гэж үзэн нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Харин шүүгдэгч Ж.Оюунааг уг хуулийн 254.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн” гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.2 сая, шүүгдэгч Н.Золжаргалыг албан тушаалаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 240 000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү