Г.Батхүү агсны гар утсан дахь бүхий л мэдээлэл устгагдсан байжээ


2020-01-22 13:58:59

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлийнхэн мэдээлэл хийлээ. 2019 оны тавдугаар сарын 17-нд Г.Батхүү агсан Төрийн ордонд зуурдаар нас барсан бөгөөд энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад найман сар өнгөрсөн ч одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байна. Гэвч гэр бүлийнхэн нь энэ хугацаанд албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан юм.

Энэ үеэр өмгөөлөгч н.Батхуяг “Хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж байгаа гэж бодож, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улстөржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах үйл явцууд гарч байна. Тиймээс бид хэргийг талаар үнэн зөв мэдээллийг хүргэхээр шийдсэн.

Нэгдүгээрт, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дээр талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугаралт үүссэн. Баруун нүдэнд хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад талийгаачийн хүзүүний зүүн хажууд 7*0,5 см урттай улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог үүсч болдог. Дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн. 

Мөн энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграффийн тест авсан. Энэ бол үнэн худлыг шалгах багаж юм. Дүгнэлтээр “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэсэн байна. Түүнчлэн хэргийн газар ажиллаж байхад талийгаачийн гар утсыг хураан авсан байдаг. Хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэн өгсөн. Гар утсыг аваад шинжилгээний дүгнэлттэй танилцахад гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан утас шиг болсон байсан. Шинжилгээний дүгнэлтээр “Гар утсанд ямар нэг мэдээлэл байхгүй. Түүнийг сэргээх боломжгүй байна” гэсэн. Хэргийг шалгах явцад нэр бүхий этгээд хэргийн талаар мессеж бичсэн. Тухайн этгээд “Би харсан. Надад 13 секунтын бичлэг байгаа. Мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн “Энэ хэргийн талаар мэдэхгүй” гэсэн бөгөөд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм” гэв.

Мөн задлан шинжилгээнд оруулахаас өмнө ар гэрийнхэн рентген зураг авахуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Задлан шинжилгээний явцад онош дутуу тавьсан, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах явцад гар утасны гадаргуу дээр хурууны хээ байна уу, ямар нэг биологийн ул мөр байна уу гэдгийг шинжилгээнд явуулж тогтоох ёстой. Гэтэл үүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилсон. Уг нь дотор юу байна гэхээсээ өмнө гадаргуутай харьцаж таарна. Утсан дээр байгаа хурууны хээ, биологийн ул мөр арилах боломжтой. Иймэрхүү мөрдөн шалгах ажиллагааны зөрчил,эргэлзээ бүхий байдлууд байна” гэлээ.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг, “2019 оны тавдугаар сарын 17-н бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна.  Өндрөөс унаснаас үүдэлтэй гэж байгаа юм. Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Гэтэл тэр унасан талын нүд яагаач үгүй. Унаагүй талын нүд хэсэгтээ нэлээд том хавдартай. Хүзүүн дээрх улайлт бол ойлгомжтой. Заамдалтын улмаар улайсан улайлт. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ заамдалтын мөртэй байх уу, итгэхгүй байна. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаагүй болчихсон юм биш үү.  Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон хүн Төрийн ордонд ажлын цагаар амь насаа алдсан байна. Гудамжинд явж байгаа жирийн иргэд бид яах вэ. Энэ хэргээс хойш найман сар өнгөрсөн ч ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Өнгөрсөн найман сар хэцүү байлаа. Аавыгаа санаж байна. Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллага аавын минь хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж найдаж, итгэл алдраагүй хүлээж байна” гэсэн юм.

Мөн талийгаачийн охин Б.Цэлмэг, “Аавыгаа маш их санаж, үгүйлж байна.  Эмээ өвөө маань өдөрт аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч, ээж маань насаараа ханилсан ханиасаа хагацаж сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань бэтгэрч байна. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү