Н.Номтойбаяр МАН-ын хувьд гарц уу, гарз уу


2020-01-27 09:23:45

Парламентад 65 луу хөтлөлцөж орж ирсэн эрх баригчид буцахдаа 63, магадгүй түүнээс ч бага тоо толгойгоор тоологдох мэдэх нь. “Хүчин” гэж наагаад нэг суудлаа өнөөг хүртэл тэд эзэнгүй байлгаж буй. Тэгвэл дараагийнхийг нь “Хүн амь” гэж бичиглээд эзэнгүй үлдээхээр шийдэв бололтой.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор санал болгоод багагүй удав. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын эзгүйчилсэн Прокурорын санал Халдашгүй байдлын дэд хорооны хаалгаар хоёр ч ороод гарсан. Гэвч дэд хорооны гишүүд шийдвэр гаргаж дөнгөөгүй. Харин “босс”-ууд ирж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар улс төрийн шийдвэр гаргаснаар асуудал гэрлийн хурдаар урагшилж эхэллээ. Энэ удаад Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгуулах нь зүйтэй хэмээн У.Хүрэлсүх шийдвэрлэв. Тэр дагуу Халдашгүй байдлын дэд хороо ч асуудлыг эцэслэж, холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ долоон хоног УИХ-ын хоёр байнгын хороогоор гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэн, улмаар чуулганаар эцэслэнэ. Товчхондоо бүлгийн шийдвэр гарсан тул Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, прокурорын байгууллагад хүлээлгэж өгнө гэсэн үг.

Энэ удаагийн үйл явдлаар У.Хүрэлсүх шүдний завсар хавчуулагдсан махаа гарган хаяж, сэтгэл уужрах сайхан завшаан. Өнгөрсөн хугацаанд хэл амаа ололцохгүй, ар, өврөө уудлалцаж байсан тулаанд У.Хүрэлсүх ялалт байгуулж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр, том ам, бардам гуя гаргаж байснаа Номтойгоор үйлдэл болгож, олноос оноо цуглуулах боломж. Түүнчлэн намын хариуцлагагүй нөхөдтэй хариуцлага тооцож чадахаа залуу гишүүнээр бадар өргөн анхааруулж байгаа нь тэр. Энэ мэтчилэн баян эцгийн сахилгагүй жаалаар дуудуулж өнөө хүрсэн Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийн хувьд гарц.  

Харин намын хувьд Номтой хүү гарз байж мэднэ. Хэдийгээр но-той, ноцтой зүйлүүд Н.Номтойбаярыг тойрон эргэлдэж, хариулт нэхэж байдаг ч МАН гэх малгай дор тэр хамгаалагдаж, хорогдох учиртай. Үүнийхээ төлөөсийг ч өнгөрсөн хугацаанд эл намд хангалттай төлж ирсэнийг тэрбээр хэлдэг. Ямартаа Тусгаар тогтнолын ордныг барьж, өнөөгийн төрд суугаа эрхмүүдийг угжсан хөрөнгөө буцаан авна гэж агсамнасан яриа байхав.

Уг нь намдаа итгэж “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа орон нутгийн онцлог хэрэгцээнд тулгуурласан хуулийн дагуу бүх асуудлыг шийдсэн. Гэтэл АТГ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан хууль тогтоомжтой холбож, санаатайгаар хольж хутгаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хуралдсан байхад огт хуралдаагүй, хуурамч тэмдэглэл хөтөлсөн гэж намайг гүтгэж байна. Мөн гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа юм. Энэ төслийн мөнгө нь эргэн төлөгдөөд явж байгаа. 2,1 тэрбум буюу 53 хувийн төлөлттэй явж байна гэж С.Чинзориг сайд мэдээлээд байхад төлөгдөөгүй гэсэн. АТГ-ын ажилтан мэдээллийг нягтлахгүй, шалгахгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татсан. Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна" гэж хэвлэлийнхэнд хэлж байв. Гэвч эцсийн мөчид намдаа хаягдаж, гудамжинд тийчлэн хэвтэнэ гэж хэн санах билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү