АН-ын зөвлөл Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ


2020-01-27 12:55:20

УИХ дахь АН-ын зөвлөл  гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн дэд хорооны шийдвэр, мөн УИХ-ын сонгуулийн тойргийн хувиарлалт, дэлхий нийтийг цочроогоод байгаа Коронавирусийн өвчлөлийн асуудлаар иргэдийн санал бодлыг төр засагт уламжлах зэргийг хэлэлцжээ.

Мэдээллийн эхэнд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжихээр болсноо онцолсон юм. Энэ талаар тэрбээр "Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг тэд хүргүүлж байсан. Тэд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана" хэмээлээ. 

Харин мандатын хуваарилалт шог байгаа тул эсэргүүцэх гэнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн тойргийг багасгаж байгааг АН-ын зөвлөлийн гишүүд эсэргүүцжээ. Иймээс аймгуудад тойрог нэмэх нэрийдлээр нийслэлийн тойргийг хасч байгааг эсэргүүцэж, энэ байр сууриа хадгалахаар болсон байна. Мөн бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан коронавирустай холбоотой элдэв мэдээлэл гарч байгаад холбогдох газрууд иргэдэд мэдээлэл өгөхдөө удаашралтай байгаа нь нуун далдалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж буй хэмээлээ.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тойрог мандатын асуудлаар "Дуулиантай асуудлын хажуугаар зарим хэрэг дарагдаж өнгөрөх вий гэдэг болгоомжлол байна. Тухайлбал, тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн асуудал. Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд нь юу хийж байна вэ, салбарын сайд нь өнөөдөр юу хийж байна вэ. Улстөржиж байгаа юм биш. Бид энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих болно" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү