Монголын улс төр дэх Коронавирус буюу Ерөнхийлөгчөөр халхалсан нүүдэл


2020-02-10 09:10:23

Шинэ коронавирусын халдвар дөрвөн улсад шинээр бүртгэгдэж, хоногийн дотор 50 гаруй хүн нас барсан гээд өнгөрсөн долоон хоног айдастай бас түгшүүртэй байв. Монгол Улсад шинэ коронавирус бүртгэгдээгүй ч эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор эрэмбэлэгдэх боллоо. Иргэн бүрийг дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулсан. Гэвч хэзээний хэнэггүй зантай монголчууд гурван хоног шуугиж, маск зүүснээс биш ойрын өдрүүдэд эл өвнийг умартан, Сар шинийн бэлтгэлээ гарцгаав. Ахмадуудад өнгөрсөн долоон хоногт тэтгэвэрээ бүрэн авч эхэлсэн бол өнөөдрөөс Насны хишиг, НӨАТ-ын буцаан олголт, одонгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлнэ. Ингэснээр зах, худалдааны төвөөр холхигсодын цуваа тасрахгүй бизээ.

Иргэд Цагаан сар, коронавирус хэмээн анхаарал нь сарних зуур улс төр бужигнаж байна. Хаврын чуулган хаалгаа хаахын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгов. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эс бөгөөс өөрөө өргөдлөө өгөх аль нэгийг нь сонгохыг намын дарга үүрэгдсэний дагуу хоёр дахь хувилбараар үйл явдал өрнөсөн гэх мэдээлэл бий.

Хачирхалтай нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хилийн хориг тавьсаны дараахан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийв. Улмаар талийгаач Г.Батхүү агсны амиа алдаж байгааг гэрчлэх 13 минутын бичлэг хуурамч бөгөөд гэр бүлийг нь ийнхүү хуурч мэхэлсэн хэрэг гарсан гэв. Бичлэг хуурамч байсныг оны өмнө тогтоосон гэнэ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажилдаа орсон эхний өдрөө Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-д өргөн барьсан. Төрийн өндөрлөгийн эзгүйд өргөн барьсан албан бичгийг дэд хорооны хурлаар гурвантаа хэлэлцсэн. Ингэхдээ ямар үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон талаар Улсын Ерөнхий прокурор ч,  Халдашгүй байдлын дэд хорооны дарга, гишүүд ч тодорхой хариулт хэлж чадаагүй.

ЖДҮ-чдээ хаацайлаад үлддэг ах намынхан Н.Номтойбаярыг түлхэж, өөрөөр нь өргөдлийг нь өгүүлэхээс аргагүй байдалд оруулсан нь бас шалтгаантай биз. Тэгвэл Н.Номтойбаярын бүрэн эрхийг “яаралтай” түдгэлзүүлэх шаардлага хэнд байв. Яагаад халдашгүй дархан эрхийг нь тайлсаны дараа Цагдаагийн байгууллага мэдээлэл хийж,баримт гэгдэх бичлэг хуурамч байсныг олон нийтэд мэдээллэв.

Араас нь АН-ынхан мэдээлэл хийж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө болон Капитал банкны асуудалд Н.Номтойбаярыг буруутгав. Салбарын сайдаар ажиллаж байхдаа гарын үсэг зурсан баримтуудыг ил болгох нь тэр. Өдгөө АН-ын нөхдийг эл хэргээр хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэгвэл шалгагдаж байгаа нөхдийг суллаж, Н.Номтойбаярыг “яллагдагч”-аар татахыг АН-ынхан хуулийнханд сануулав. Юутай ч Н.Номтойбаярыг боргоох үйл явц цаашид ч тааварлашгүй байдлаар өрнөх шинжтэй.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажилдаа ороод удаагүй байтал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд иргэний өргөдлийг албан өрөөндөө хүлээн авав. “Ноёд групп”-ийн ерөнхийлөгч Г.Буяндорж прокуроро, цагдаа, шүүхийн байгууллагынхан өөрөөс нь авлига нэхэж, охин компанийг нь хэрхэн бүлэглэн дээрэмдсэн талаар 650 хуудас бүхий материалыг З.Энхболдод гардуулж өгөхдөө хэвлэлийнхнийг байлцуулсан юм. Улмаар нэр бүхий гурван прокурорын талаар дэлгэрүүлж, хэрхэн авлига нэхэж, өөрийг нь хэлмэгдүүлсэн талаар тайлбарлав. Иргэний өргөдлийг хүлээж авахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Өмнөх Ерөнхийлөгч нь хонгил үүсгээд, шүүгч, прокурор нь мини хонгил үүсгэж байгаа бол нэн даруй яаралтай арга хэмжээ авна” хэмээх нь тэр. Улмаар Төрийн тэргүүн энэ хэрэг дээр шуурхай арга хэмжээ авч ажиллах болно гэдгийг ч онцлов. Үнэхээр ч маргааш нь иргэн Г.Буяндоржийн өргөдөл зохих газар руу шилжиж, шуурхай шийдвэрлэхийг даалгасан байв. Чухамдаа эл үйл явдал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн байгууллагынхныг шинэчлэх ажлаа эрчимжүүлж байгаагийн илрэл гэж үзэх хүмүүс олон байв.

Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо, Тамгын газрынхаа даргатай хамт хуулийн байгууллагынхныг “шинэчлэх” ажиллагаанд орж, шахаж, дарамталсан олон акцийг өрнүүлсэн. Харамсалтай нь амжилт олсон нь ховор. Тиймээс Г.Буяндоржоор бамбайн хийн, нэр бүхий хүмүүс рүү “буугаа” чиглүүлсэн байж мэдэх юм. Г.Буяндоржийн нэр дурьдсан прокурорууд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг болон “60 тэрбумын схем”-ийн хэргүүдээр ажиллаж байсныг сануулах нь илүүц биз. Түүнчлэн өнөөх дуулиант шинэ төмөр замын хэрэгт дээрх нэр бүхий прокурорууд “яллах” дүгнэлт үйлдэж байжээ.

Ямартай ч Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажилдаа ормогц унтаа байсан улс төр үймэж, өнгөрсөн долоон хоног тааварлашгүй үйл явдлаар арвин байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү