Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадны иргэншил хүсчээ


2020-02-14 09:04:33

Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хуулийн байгууллага шалгаж буй. Гэвч мөрдөн шалгах явцад хилийн дээс алхан сураггүй болсон талаар Эрэн сурвалжилж эхэлсэн нь ч бий. ЦЕГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна гэсэн юм.

Харин Ерөнхий сайд асан энэ мэдээллийг үгүйсгэж, хуулийн байгууллагатай үргэлж холбоотой байгаа бөгөөд дуудсан цагт очиход бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Гэвч тэрбээр гадны байгууллагаас иргэншил хүссэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд онцлов.

 

Тэрбээр "Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа  ЭСЯ-нд нь хандсан байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй" гэсэн юм. Мөн тэрбээр энэ бүхэн АН-тай ямар ч холбоогүй гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь намын бодлогогүйгээр хувиараа ажилласан бөгөөд  Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх байсан давуу эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү