Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг хүмүүнлэгийн аяныг зарлалаа


2020-02-18 11:10:48

Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг хүмүүнлэгийн аяныг зарлаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон билээ. Энэ хүрээнд хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаа нь энэ аж.

Мэдээллийн эхэнд Н.Цэрэнбат сайд ""БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 7-ноос хойш манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа. Тиймээс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг эхлүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. Манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандив дэмжлэг өгч байгаа боловч цаашид улам илүү хүнийг хамруулан хандив цуглуулах шаардлагатай байгаа учраас нэгдсэн хандивын данс нээсэн. Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341303432597 Хандивын аян дансанд хийх боломжтой бөгөөд цугларсан хандивыг 7 хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлэх юм" гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Урд хөрш маань манайд олон талаар дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласаар ирсэн. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монголын олон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хандив өргөх санаачилгыг гаргаж байгаа. Харин үүнийг зохион байгуулалтад оруулан нэгдсэн журмаар зохион байгуулах нь зүйтэй байна. Тиймээс нэгдсэн дандсанд сэтгэлийн дэмээ хандивлах нь оновчтой байна. Засгийн газраас нэлээн хугацааны өмнө дэмжлэг үзүүлсэн. Үүний дараа олон байгууллага хандив өргөсөн. Туххайлбал, НЗДТГ, МҮХАҮТ, Хятадад төгсөгчдийн холбоо, Ардчилсан Нам зэрэг байгууллагууд хандив өгсөн" гэлээ. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. Тиймээс бидний зүгээс ард иргэн, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү