Г.Майцэцэг: Л.Энх-Амгалан өөрөө хамтрах санал тавьчихаад эцэст нь намайг гүтгэж байна


2020-02-18 15:35:31

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд гүжирдүүлж, байж суух газаргүй болсон талаар “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг өнөөдөр хэвлэлийнхэнд хандав. Түүний хэлж байгаагаар эрхэм гишүүн өөрөө хамтран ажиллах санал тавьж, хамтарчихаад, эцэст нь гэрээ байгуулж, урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн атлаа зээл аваагүй эргэн төлөхгүй байгаа хэмээн Г.Майцэцэгийг гүтгэж эхэлсэн гэнэ.

Тэрбээр "Миний бие 2017 онд “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын нэр дээр “Уран үйлчин” хөтөлбөрийг санаачлан 21 аймагт хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч хайж эхэлсэн юм. Ингэхдээ УИХ-ын гишүүдэд бараг бүгдэд нь албан бичиг хүргүүлж байсан. Ингэж явахдаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзсан. Улмаар тэр миний санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаар болсон юм" гэлээ.

Гол нь Л.Энх-Амгалан гишүүн өөрөө хамтран ажиллах санал тавьж, Г.Майцэцэг дээр ирсэнийг тэрбээр онцолж байсан юм.  Ийнхүү хамтран ажиллахаар болж Хөвсгөл аймгийн төв спортын ордонд хөтөлбөрийнхөө нээлтийг хийсэн аж. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан аймгийн МСҮТ-ийн залуусыг ажилтай, орлоготой болгох санал тавьж, хамтын ажиллагаа нь өргөжсөн гэнэ. Улмаар 60 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл хийх саналыг ч эрхэм гишүүн тавьжээ.

Энэ талаар Г.Майцэцэг "Л.Энх-Амгалан гишүүн “Би төрийн албан хаагч учраас мөнгө гаргах боломжгүй. Иймээс миний туслах Б.Мөнхжаргалтай гэрээлчих гэсэн. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 16-нд “Зээлийн гэрээ” гэрээ байгуулсан. Гэрээ хийсний дараа урьдчилгаа болгож 10 сая төгрөг өгсөн. Үүнийг нь би Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг Польш улсад очиж, 10 төрлийн нарийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах гарцыг бий болгоход зарцуулсан нь үнэн. Мөн нэг ээлжинд 50-60 хүн ажиллах боломжтой үйлдвэр байгуулсан. Уг үйлдвэрээр “Хөх сувд” брэндийн хувцас үйлдвэрлэхээр тохирсон" гэлээ.

Түүний ярьсаныг гэрчлэх гэрэл зураг, мөн “Хөх сувд” брэнд нь Л.Энх-Амгалан гишүүний нэр дээр патент ч бий гэнэ. Мөн тэрбээр хэвлэлийн хуралд “Хөх сувд” брэндийн хувцаснуудаас авчирсан байсан. Гэтэл эцэст нь Г.Майцэцэгийг 60 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй хэмээн гүтгэсэн гэнэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа "Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 50-60 хүнтэй оёдлын цех байгуулах, ажлын байр гаргах саналыг хүлээн авч Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт 2018 оны 5 дугаар сард 6 сарын хугацаатай, хүүгүй 60 сая төгрөгийг хувиасаа зээлдүүлсэн боловч зээлээ төлөлгүй 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөдөр сошил сүлжээнд мөнгөө шүүхээр нэхэмжлэлээ гэж нилээн их дайрч, доромжиллоо. Хэрэв энэхүү санхүүжилт хэрэгтэй эзэндээ очсон бол, жинхэнэ утгаар нь ашигласан бол бага ч гэсэн амжилт олж болох байсан. Хувиасаа мөнгө зээлээч, хугацаанд нь эргэн төлнө гэсэн гэрээ чинь энд байна. Би хүүгүй, барьцаагүй зээл өгсөн. Өнөөдөр та үйлдвэр нээгээгүй, 60 оёдолчныг мэхэлсэн" хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү