Д.Цогтбаатар: Экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд амжилт боллоо


2020-02-20 09:56:44

Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Энэ талаар салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулав. 

Гадаад харилцааны яам 2019 онд улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн байдлыг сэргээн сайжруулахад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлэн ажиллав. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7 тэрбум ам.долларт тус тус хүрсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Харин 2019 онд энэхүү үзүүлэлтийг ахиулж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13,7 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь дахин түүхэн дээд амжилт боллоо. Өнгөрсөн онтой харьцуулахад худалдааны эргэлт 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ өнгөрсөн оноос 607,9 сая ам.доллар буюу 8,7 хувиар, импорт өнгөрсөн оноос 252,6 сая ам.доллар буюу 4,3 хувиар тус тус өсч, гадаад худалдааны тэнцэл 1,49 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын хэмжээ нэмэгдсэн төдийгүй, хамгийн гол нь экспортын  төрөлжилт чанаржсан. Гадаад  худалдааны тэнцэл нэмэх 1,49 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлж, нийт нөөц 4,39 тэрбум ам.долларт хүрсэнд гадаад харилцааны салбар онцгой үүрэг гүйцэтгэснийг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон. 

Мөн тэрбээр танилцуулгадаа,  хөрш хоёр оронтой хөгжүүлж буй харилцаанд тодорхой ахиц дэвшлүүд гарлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийж, талууд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж, харилцаанд олон жилийн турш шийдлээ олоогүй ирсэн асуудлуудыг шийдвэрлэсэн. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан өнгөрүүлэх, Монгол Улс болон ЕАЭЗХ-ны хооронд ЧХХ байгуулах боломжийг хамтран судлах зэрэг тодорхой тохиролцоонуудад хүрч, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар төмөр замын шинэчлэлийн асуудлаар зарчмын шийдвэрт хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг жилийн туршид өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Засгийн газрын “Бүс ба Зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” тухай санаачилгыг БНХАУ-ын Засгийн газар дэмжиж, БНХАУ-ын агаарын 12 боомт, хуурай замын 6 боомтдоо тусгай гарцыг нээн ажиллуулах болсон гэж байлаа. 

    Монгол, Америкийн стратегийн түншлэлийг тунхагласан нь АНУ-тай бүх талын харилцааг өргөжүүлж, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсныг Д.Цогтбаатар сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ Монгол Улс, ЕХ болон түүний гишүүн улсууд, Европын бусад улстай хөгжүүлж буй харилцаа 2019 онд идэвхтэй өрнөж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэд хэдэн зээлийн хэлэлцээр байгуулагдан хэрэгжиж эхэлснийг тодотгов. 

    Түүнчлэн тэрбээр 2019 онд соёл урлаг, хэвлэл мэдээллийн  чиглэлээр  төлөвлөгдсөн 80 гаруй ажлыг тус яам холбогдох байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэснийг онцлохын зэрэгцээ консулын харилцааг өргөжүүлэх, хилийн чанадад байгаа монгол иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн, мэргэшсэн түвшинд хэрэгжүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйл ажиллагааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цахимжуулах чиглэлээр ажилласныг тодотгов. Энэ хүрээнд консулын албыг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын Шанхай, Манжуур хотод консулын газар байгуулах зохих шийдвэр гарч, Шанхай хотноо ЕКГ үйл ажиллагаагаа 11 дүгээр сард эхлүүлсэн гэж байлаа. 

    Тайлангийн хугацаанд манай улс олон талт 5 гэрээнд нэгдэн орсон бол Засгийн газар хоорондын 45 гэрээ байгуулж, өмнө нь байгуулсан 5 гэрээг хүчин төгөлдөр болгосон. Засгийн газар хооронд байгуулсан баримт бичгийн тоо 2018 онтой харилцуулахад 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн байгууллага хоорондын 80 гэрээ байгуулж бүртгэсэн бол гэрээний төсөлд санал өгөх, орчуулгыг хянах зэрэг байгууллага хоорондын нийт 121 гэрээ байгуулахтай холбоотой үйл явцад оролцлоо. ЕАБХАБ-ын НБДНГ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай тус тус хамтран “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад улсад хийсэн 27 айлчлал, Монгол Улсад айлчилсан гадаад улсын дээд болон өндөр түвшний төлөөлөгчдийн 16 айлчлалыг хэрэгжүүллээ. Мөн олон улс болон бүс нутгийн хэмжээний 5 хурал зөвлөгөөн, ЗГХК-ын 10 хуралдаан зохион байгуулсан гэдгийг Д.Цогтбаатар сайд мэдээлэлдээ дурдсан. 

    Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-ад орсонтой холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр НҮБ, ФАТФ болон бусад олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, гарын авлага зэргийг нэгтгэн эмхтгэл гаргах, бусад улс, ОУ-ын байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулах, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангах, үүргийн биелэлтэд хяналт тавих ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцлов. Мөн Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаж буй тамхи, хар тамхи болон хууль бус дамын наймаанд хилийн чанад дахь ДТГ-ын албан хаагчид нэр холбогдож буй хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хүрээнд зохих арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдэж байлаа. 

    Хуралдаанд Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлснээр хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү