Сар шинийн өдрүүдэд хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор боллоо


2020-02-20 16:45:38

Улсын онцгой комисс хуралдаж, сар шинийн баярын өдрүүдэд улс болон орон нутгийн авто зам, төмөр замын хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэлээ. Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Улсын онцгой комиссын тав дахь хуралдаан өнөөдөр  боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дөрвөн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Ингээд зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн, улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Бид үүнээс сургамж авах хэрэгтэй.

Тиймээс 13 аймгийн Онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа" хэмээсэн юм.

Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй гэнэ. Учир нь харьцангуй цөөн нислэг байгаад бөгөөд дийлэнх нь уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд аж. Тиймээс автобус, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Мөн орон нутгийн авто замыг хаасантай холбоотой хулгайн замаар зорчихгүй байхыг ч анхааруулсан юм. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Зам хаах шийдвэр нэгэнт гарсан. Жолооч нарт анхааруулахад хулгайн замаар гарч яваад цасанд сууж, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

Мөн ойрын өдрүүдэд орон нутгаар цас ихтэй байхыг ч тэрбээр сануулсан. Иймээс цасанд суугаад цагдаагийн байгууллага, онцгой байдлын албаны үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг тул орон нутаг руу зүглэхгүй байхыг анхааруулсан юм.

Улс, хот хоорондын автозам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны ням гаригийн 08:00 цагаас 27-ны пүрэв гаригийн 08:00 цаг хүртэл түр хаахаар эцэслэн шийдвэрлэлээ. Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар хотоос 300.000 гаруй автотээврийн хэрэгслээр 1,2 сая хүн гарч, 50.000 автрмашинтай 200.000 орчим хүн орж ирдэг байна. 

Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг 13 аймгийн Онцгой байдлын албанаас дэмжин саналаа ирүүлсэн бөгөөд орон нутгийн зорчих хөдөлгөөний зохицуулалтаа дотооддоо шийдвэрлэн ажиллах юм. Харин агаарын тээврийн зорчих хөдөлгөөниййг өндөр хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандарт шаардлагыг хангуулан хэвийн үргэлжлүүлэх юм.

БНХАУ-д голомттой COVID 19 өвчний тархалт хурдацтай явагдсан шалтгаан нь БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод вирусын халдвар гарах үетэй зэрэгцэн тус хотын 5 сая иргэн, хятад даяар нийт 84 сая хүн  Хаврын баярын  шилжилт хөдөлгөөн хийсэн нь бүх муж болон бусад улсад вирусын халдвар тархах үндсэн шалтгаан болж тархалтыг 34 хувиар нэмэгдүүлснийг тогтоосон байдаг. Иймд Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй ч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах нь зүитэй гэж үзэн Улсын Онцгой комисс  дээрхи шийдвэрийг гаргалаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү