С.Чинзориг: Бусдыг гүтгэчихээд Зөрчлийн хуулиар 2.5 сая төгрөг захиалагчаасаа авч өгөөд сална гэж боддог бололтой


2020-02-21 17:40:10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсноо мэдэгдлээ. Учир нь Нийгмийн даатгалын газрын удирдлагуудыг цагдан хорьсонтой холбоотойгоор түүнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдах явдал нэмэгдсэн тул ийнхүү хуулийн байгууллагад гомдол гаргаж, өөрийгөө шалгуулахаар болсон аж.

АН-ын удирдлагуудаас удаа дараа мэдээлэл хийж, Нийгмийн даатгалын газрын дарга удирдлагуудыг цагдан хорьсон нь буруу. Харин тэднийг яллагдагчаар татсан хэрэгт С.Чинзоригийг буруутгасан юм. Энэ талаар тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Өчигдөр Бямбабаатар нэртэй фейсбүүк хаягаас С.Чинзориг нарыг яллагдагчаар татах болжээ гэх мэдээллийг тарааж байгаа тул энэ асуудал цэг тавих нь зүйтэй гэж үзэн өнөөдөр мэдээлэл хийж байна. Мөн Авлигатай тэмцэх газарт хүсэлт гарган өөрийгөө шалгуулахаа та бүхэнд албан ёсоор мэдэгдье" гэлээ.

Хэрэв энэ байдлаар хүлээцтэй чимээгүй байвал асуудал хурцдаж, сонгууль хүртэл энэ сэдвийг сэвж, С.Чинзориг буруутай мэтээр олон нийтийг төөрөгдүүлэх нь гэдгийг ч тэрбээр хэлсэн юм.

Мөн тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хаших хугацаандаа Нийгмийн даатгалын сангийн орлогыг эрсдэлд оруулсан, эрх ашгийн сонирхол үүсгэсэн, бусдад давуу байдал олгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан  үйлдэл гаргаагүй гэдэгтээ ч олон нийтийн өмнө хэлж байна хэмээсэн. Энэ талаар тэрбээр "Би албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гаргаж байгагүй гэдгээ итгэлтэй хэлж байна. Хэдийгээр улс төрийн нам болон цахим мэдээллийн хэрэгслээр явж байгаа гүтгэн доромжилсон мэдээлэлд өөрийн байр сууриа илэрхийлж, үнэн бодитой мэдээлэл өгч байгаа ч гүтгэлэг зогсохгүй байна. Хүний нэр төрийг юман чинээ боддоггүй хүмүүстэй маргалдаж сууснаас өөрийгөө шалгуулах нь зүйтэй гэж үзлээ" гэсэн юм. 

Мөн тэрбээр Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргаж байгаа аж. Учир нь өөрийг нь яллагдагчаар татсан эсэхэд хариу өгөхийг хүссэн гэнэ. С.Чинзориг сайд "Надад яллагдагчаар татагдсан асуудал байхгүй. Иймээс үнэн мөнийг тогтоож өгөөч ээ гэдгийг энэхүү өргөдөлдөө тусгасан. Үүнээс гадна бусдын нэр хүнд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан учраас  асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт мөн гаргасан" гэв.

Мөн Тагнуулын байгууллагад хандаж тэрхүү хаяг хуурамч эсэхийг тогтоолгох хүсэлт ч тавьжээ. Ийнхүү тэрбээр өөрийг нь тойрсон асуудалд цэг тавихаар хуулийн байгууллагуудад хандсан байна.

Түүнчлэн бусдыг гүтгэсэн этгээд Зөрчлийн хуулиар 2.5 сая төгрөгөөр торгох хуулийн заалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Тиймээс улс төрийн зорилгоор хэн нэгнийг зориуд гүтгэн доромжилж, хуулийн байгууллагад дуудагдвал Зөрчлийн хуулийн дагуу 2.5 сая төгрөгийг захиалагчаасаа авч өгөөд болчихно гэх өрөөсгөл бодол зарим  хүнд бий бололтой гэдгийг ч тэрбээр хэлж байлаа. Гэхдээ эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, бусдыг гүтгэн, нэр төрд нь халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг болсныг сануулж, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа энэ сарын 27-ноос гэдгийг онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү