ТАНИЛЦ: “ЖДҮ”-чин Х.Болорчулуун


2020-03-24 09:55:14

Ухнаагийн хүүг Шадар сайдаас Гүйцэтгэх засаглалын тэргүүн, мөн намын дарга болгох “бослого”-д парламент дахь эрх баригч намын гишүүдийн талаас илүү нь ил болон далд хэлбэрээр оролцсон. Улмаар тэд хувьсгал хийж, эрх мэдлийг энгэрт нь атгуулж өгснийхөө төлөө албан тушаал, алба гувчуур чамгүй авсаныг өнөөдрийнх хүртлэх үйл явцаас харж болно. Үүний нэг нь ЖДҮ. Намын даргын хишиг гэж хошигнох нь ч бий.

Үнийн дүн ихэвчлэн 950 сая байсан нь анхаарал татсан бөгөөд авсан эзэд нь өнөөх бослогод гар бие оролцогчид байж таарсан нь өнөөх хардлагыг улам бататгасан гэхэд хилсдэхгүй. Тэдний нэг нь Х.Болорчулуун. “Би ЖДҮХС-гаас зээл авсан” хэмээн тун ч додьгор хэлсэн ганц хүн нь тэр. Бусад нь “Аваагүй, минийх биш” хэмээн мэлзэж, зарим нь эхнэрээ танихаа больж байхад гагцхүү тэр авсанаа хүлээн зөвшөөрсөн. Тэр бүү хэл, өмнө нь ганц ч удаа өнөөх сангаас зээл авч үзээгүй атлаа гагцхүү тэр үед гай нь таарсан гэнэ билээ. Ядаж байхад хувь эзэмшдэг компани нь сангийн зээлд хамрагдсаныг мань хүн мэдээгүй суугаа нь эмгэнэл ч юм шиг, эндүүрэл ч юм шиг. Ядаж л графикийн дагуу төлж байгаа гэх үг нь өег буух юм.

“Дорнод гурил” компанийн эзэн Х.Болорчулууныг хоосон албан тушаал бүрд аазгай нь хөдөлж, очих нь гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөврөх нь бий. Зам тээврийн сайдын сэнтийд хүртэл мөлхөж яваа гэх бор шувуу байсан ч тэгс гээд намжсан. Тойрогтоо гурил тараадаг, парламентад “Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацууртын орд” гэсэн гурван сэдэвтэй.

Мань хүний жилийн орлого 43172.67 мянган төгрөг. Жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байгааг АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогоос нь харж болно. Гэр бүлийн орлого нь бүр хэдэн орноор буурч, 6032.30 мянга болсон байна билээ. Өнгөрсөн жилүүд гандуу байж, тариа будаа бага авсан хэмээн зээлээ зөвтгөхдөө ярьсан түүний үг үнэн гэдгийг халаасных нь хэмжээнээс ч харж болохоор аж.

Нийтийн 2 орон сууц, хашаа байшин, үйлчилгээний газар, оффисстой. Нийт өртөг нь 2510000.00 мянга. “Mercedes Benz,G 500” хөлөглөдөг тэрбээр олон тооны адуутай. Жил ирэх тусам өсөн үржиж байгаа ганц зүйл нь адуун сүрэг нь. Хамгийн сүүлийн тоон мэдээгээр 240 болсон гэнэ.

Мань хүн арслантай авдартаа 560631.70 мянган төгрөгийг хав дарчихсан. Энэ мөнгөнийхөө талыг гаргаад дарчих хэмжээний бас өр зээлтэй. Тодруулбал, зээлийн хэмжээ 242713.00 мянган төгрөг. Өр төлбөрийг хаах чадамж байгаа ч Төрийн тэргүүний өнөөх үг санаанаас нь гардаггүй, сэтгэлийн гүнд нь чандлагдсан юм даг уу. Нэг л өдөр нар гарч, Төрийн тэргүүн хэлсэндээ хүрч, хүн бүрийн өр зээлийг тэглэнэ.

Барагтаа хуулийн төсөл санаачилж, төсөл барьж гүйдэггүй. Хаяа хурал тасална. Ангид нэг хичээл хийгээд байдаггүй, хичээл тэр бүр таслаад байдаггүй чимээгүйхэн сууж байдаг, дуугарвал чангахан хэдэн үг хэлчихдэг хөвгүүд байдаг даа. Тэр яг л тийм. Магадгүй олон нам дамжиж, туршлага хуримтлуулж, буурь суусантай ч холбоотой байж мэдэх юм.

Тэрбээр “Иргэнийн Зориг” намд элсч байсан намтартай. Гэвч өнөөх намынх нь байр суурь одоогийн намыг нь яаж гүйцэх билээ. Тиймээс сонголтоосоо татгалзаж, МАН-ын хаяа сахисан нэгэн. Энэ удаад сонголт нь мэргэн байж, үр шим сайтай яваа. У.Хүрэлсүхийн талд гаргасан шийдэл нь бүр ч зөвдөж, өдгөө байнгын хорооны даргын сэтэртэй.

ЖДҮ-чин гишүүнд хариуцлага тооцохын оронд бүр ч өөгшүүлэн, дэвэргэж байнгын хорооны дарга болгосонд ХҮК-ийн талынхан ч дургүйцэх нь бий. Халдашгүй дархан эрхтэй нь ярьдаггүй юмаа гэхэд ёс зүйн хариуцлага тооцдог зарчим алдагдлаа гэх бухимдал ч цухалзаж байсан юм. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь дөрөвхөн сарын дараа дуусах тул албан тушаалын төлөө алалцаад яанам билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү