О.Тэнгис: Намуудын амлалтын цаана нь эдийн засгийн үндэслэл байхгүй бол хууль зөрчинө


2020-03-25 10:42:01

Сонгууль болоход 2 сарын хугацаа үлдэв. Улс төрийн намууд өчигдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Энэ талаар Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис "УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж. дүгнэлт гаргахаар заасан байдаг. 

Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно. Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан. 

Үндэсний аудитын газар нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай" гэдгийг танилцууллаа.

Мөн тэрбээр аудитын байгууллагаас дүгнэлт гаргахдаа юу юуг анхаардаг тухайд тэрбээр "Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах, мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх. Мөн мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг" гэсэн юм.

Тэрбээр дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Улс төрийн намууд нэгнээсээ давсан амлалт өгөхийн тулд уралдацгааж байна. Намуудын амлалтыг олон нийт эсэргүүцэж, цалин, орлого нэмэгдүүлэх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Шууд тэгж харж болохгүй. Амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол хууль зөрчинө.  Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтойгоор эдийн засгийн жам ёсоороо цалин өсөж байгаа бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй.

-Та бүхэн намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд хуульд нийцээгүй болохыг тогтоож Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна. Магадгүй СЕХ мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргавал яах вэ? 

-Улс төрийн намууд сонгуульд оролцох тухайгаа санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдэнэ. Тэгэхдээ бүрдүүлэх материал дунд Төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг хавсаргах ёстой. Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг СЕХ бүртгэж авахгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, бүртгэхгүй гэдэг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо эцэслэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү