Л.Мөнхтүшиг: 45 бүс нутгаас монголын 5600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан


2020-03-30 13:28:10

Улсын онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “4 сарын 2-нд Сөүл-Улаанбаатар, 3-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэг үйлдэж, иргэдээ эх оронд нь татан авчирна. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээллийг өгөхгүй бол иргэдийн дунд ташаа мэдээлэл тархаж, буруу зөрүү ойлголцол үүсч, гүтгэх, ажилд саад учруулах байдал гарч байна.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Солонгос, Япон, Москва, Берлин зэрэг орноос ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг тодорхаой шалгуур тавьж Консулын газраас бүртгэсэн бүртгэлийн дагуу авчрахаар болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь ирсэн тусгай үүргийн онгоцонд суухаар бүртгүүлсэн иргэдийн бүртгэлий дагуу гэдгийг тодотгох хэрэгтэй.

Өмнөх Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр 500 орчим хүн өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байсан. Шинээр бүртгэл хийгдээд байгаа юм биш. Өмнө нь бүртгүүлсэн байсанч, онгоцонд багтаагүй таслагдсан байсан иргэд бүртгэлийнхээ дагуу ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2 дахь нислэг гэж ойлгох хэрэгтэй. Шинэ бүртгэл хийхгүй.

Бүртгүүлсэн дарааллын дагуу МИАТ компани иргэн бүр рүү залгаж, тасалбар авах эсэхийг баталгаажуулж байна. Хэрэв тасалбараа буцаах, тэндээ үлдэхээр болвол дараагийн хүнд тасалбар авах боломж нээгдэж байгаа.

Шинээр бүртгэхгүй байна, ЭСЯ утсаа авахгүй байна гэх шүүмжлэл их ирж байна. ЭСЯ бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

МИАТ-ийн ажилчид авлига авах, танил талдаа тал зассан ямар нэгэн зүйл байхгүй. Тийм боломж ч байхгүй.

Токио дахь Элчин сайдын яаманд АНУ, Канадаас дамжиж ирэх хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн бий. Токио дахь ЭСЯ-ны  бүртгэлийн дагуу 03 сарын 16-нд 250 иргэнийг татан авсан. Тэр үед бүртгэл 700 гарчихсан байсан. Одоо бүртгэл зогссон. 04 сарын 03-нд ирэх хүмүүс бүртгүүлсэн дарааллаараа ирж байгаа.

УОК-ийн шийдвэрийн дагуу ЭСЯ, Консулын газар иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүйн тулд бүх үйлчилгээгээ цахимд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ЭСЯ, Консулын газрыг эрсдлийн цэг болохгүйн тулд цахимаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭСЯ бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 5 хүнтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бүх дуудлага мэдээлэлд хариу өгч байна. Нэг иргэнтэй ярьж байхад дуудлага ирдэг. Давхардсан дуудлагыг авахгүй байгаа юм шиг ойлгогдоод байгаа тухай Элчин сайдын яамдаас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар 44 Элчин сайдын яам өндөрүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Өнөөдрийн өглөөний мэдээллээр дэлхийн 45 бүс нутгаас монголын 5600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Газар газраас нь очиж авах боломжгүй. Хамгийн боломжит хувилбарыг сонгож ажиллаж байна.

УОК-ийн хуралдаанаар иргэдийг 21 тусгаарлахаар шийдвэрлэсэн. Журамд орсон өөрчлөлтөөр нэг, нэгээр нь байрлуулах шаардлага шинээр үүссэн. Иймээс байрны нөөц бололцоондоо тохируулж иргэдээ татан авахаас өөр аргагүй.

Энд байгаа ар гэрийнхэн нь гадаадад суугаа ах дүүсээ аль болох тайван байлгаж, мэдээллийг зөв ойлгуулахыг хүсэж байна. ЭСЯ санаатай худал мэдээлэл өгөх ямар ч шаардлага байхгүй.

АНУ-д суугаа монголчуудын дунд ташаа мэдээлэл тархаад байгаа нь хүсэлт гаргах иргэдийн тоонд хязгаар хэрэгтэй гэх. Өөрөөр хэлбэл, тодорхой тооны иргэд хүсэлт гаргавал нислэг үйлдэж, иргэдээ авна гэх ташаа мэдээлэл бий. Одоогоор 1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Тоонд хязгаар байхгүй. Иргэдээ хэрхэн авчрах талаар нарийвчлан судална.

Монгол Улсаас Солонгос явах хүсэлтээ иргэд их бий. Тэднийг боломжоор нь явуулна. Гэхдээ нөхцөл байдалтай уялдан 04 сарын 01-нээс  Солонгос улс гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлан шинэ журам хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Түр хугацааны визтэй бол 14 хоног тусгаарлагдахад 1 өдрийн төлбөр 100.000 вонн. Энэ зардлыг иргэд өөрсдөө гаргана. Хэрэв хөл хориог зөрчвөл визийг цуцлах, албадан буцаахаа Солонгосын талаас мэдэгдсэн байна лээ.

Өнөөдөр дэлхий даяар онц байдал зарласан 56 улс, хөл хорио тогтоосон 39, хилээ бүрэн хаасан 55 улс байна. Мөн ЭСЯ, Консулынхан нутаг руугаа зугтааж ирэх боломжгүй гэдгийг хэлье. Тухайн улсад байгаа Монголын сүүлийн иргэн иртэл дипломатууд тэндээ ажиллана” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү