Зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа


2020-04-02 17:50:57

ДЭМБ-аас корона вирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөллийг урьдчилан төсөөлөх боломжгүйг мэдээлж байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ. 

Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15 мянган тонн улаан буудайн үр, 60 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. 

Гэвч корона вирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалтыг тусгагджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү