Хаврын чуулганыг даваа гарагт эхлүүлнэ


2020-04-03 16:12:05

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр /2020.04.03/  хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа нар оролцов.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар ирэх даваа гаригт буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх гэж буйг хэвлэлийн хурлын эхэнд дурдаад дэлхий дахинд, тэр дундаа Монгол Улсад шинэ короновирусийн цар тахал илэрсэн учир УИХ-ын үйл ажиллагаа дэгээрээ явагдах боломжгүй болж шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мэдээлэл өгч байгааг тэмдэглэв.

Мөн УИХ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар захирамжийн хавсралтаар "УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам" баталж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулахаар болсныг дурдав.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, УИХ нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж байна гээд ирэх даваа гаригт 12.00 цагаас УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл хангасан. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана.

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулна гэлээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар дэлхий дахинд тархаад байгаа шинэ короновирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнууд УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх, Төрийн ордонд ажиллах, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэх харилцааг түр хугацаанд зохицуулах зорилгоор УИХ-ын даргын захирамжаар баталсан журмын гол зохицуулалтаас танилцуулсан юм.  

УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчид ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхрын фойенд байгуулжээ. УИХ-ын чуулган, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүр д нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах бөгөөд УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хэвлэл мэдээлэлд мэдээлэл, ярилцлага өгөхдөө зөвхөн энэ цэгийг ашиглахаар зохицуулжээ.

Хэрэв УИХ-ын гишүүд тухайлсан хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдсэний дагуу тус хэлтэс болон  Төрийн ордны хамгаалалтын алба хамтран зохион байгуулах юм байна.

Мөн зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах, хуралдааны танхимуудад цахимаар явагдах чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны  хуралдааны явцыг мэдээлж, сурвалжлах боломж, нөхцөлийг хангах зорилгоор Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөөг хүртээмжтэй ашиглуулах, уг өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд ажиллах боломжийг хангах арга хэмжээг Тамгын газар авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн хэвлэлийн хуралд оролцох, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга авахдаа хязгаарлалтын дэглэм, тусгайлан тогтоосон бүсийн дүрмийг баримталж ажиллахыг хүсээд, журмын хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хэвийн ажиллах боломжоор хангана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга илэрхийллээ.  

Харин Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа мэдээлэлдээ, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдааныг цахимаар хэвийн явуулах техникийн бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Хуралдааныг цахимаар явуулахтай холбогдуулан шаардлагатай программ хангамжийг боловсруулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэдгийг  дурдаад энэ талаарх холбогдох мэдээллийг өгсөн юм.  

Хэвлэлийн хурлын төгсгөлд нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү