Тойрог: Солгой сонголтууд


2020-05-18 15:53:01

Нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй дүүргээр Сонгинохайрханыг нэрлэдэг. Орон сууцны хорооллоос илүүтэй гэр хорооллоор “бүрхэгдсэн”, тэр хэрээр иргэдийн амьжиргаа тааруу. Орон нутгаас шилжин ирж суурьшигчид их бөгөөд албан ёсны бүртгэл мэдээлэл ч хомс гэх нь бий.

Энэ удаагийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс 5 хүн УИХ-д сонгогдоно. Тэгвэл эл 5 суудлын төлөө 30 орчим хүн нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.

МАН-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, П.Анужин. Эмэгтэйчүүдийн квотоор 2 бүсгүй орж ирсэн нь нэвтрүүлэгчид.

Д.Сумъяабазарын тухайд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажилтай. Ажлын тайлангаа хэдийнэ сонгогчдын гарт хүргүүлчихсэн. Засгийн газрын гишүүнээр ажилласан тул хэлэх үг нь бэлэн. Сайдын хувиар УИХ руу оруулж батлуулсан хуулийн төсөл чамгүй тул ажлын гүйцэтгэл өндөр гэж дүгнэхүйц.

Н.Учрал, Х.Нямбаатар нарын тухайд улиран сонгогдохоор намаасаа виз өвөртлөж яваа залуучууд. Аавынх нь ЖДҮ-гийн асуудал Н.Учралын хоолойд хаа нэг хутга тулгах нь бий. Магадгүй өрсөлдөгчдийнх нь хувьд энэ талыг нь барьж сурталчилгаагаа ч түүн рүү чиглүүлэх биз.

Улиран сонгогдохын тулд намаасаа виз өвөртөлсөн эдгээр нөхөртэй АН-аас О.Магнай, Г.Очирбат, П.Цэцэгмаа нар өрсөлдөнө. Өмнө нь энэ тойрогт нэр дэвшиж байсан туршлага О.Магнайд бий. Гэхдээ ялагдал хүлээсэн гашуун түүх ч бий. Цаашлаад санал хураалтыг эсрэгүүцвэл ямар үр дүнд хүрдгийг ч тэрбээр биеэрээ мэдэрч, туулсан гэхэд болно. Уг нь АН-аас УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр нарыг өрсөлдөх магадлал өндөр хэмээж байсан ч тэд буурь сэлгэж, оронд нь Г.Очирбат, П.Цэцэгмаа нар орж ирсэн нь энэ. Хэн хэн нь Сонгинохайрханчуудын хувьд ёстой шинээрээ байгаа номнууд. Чухамдаа сонгогчдын сонирхлыг татаж, хуудсаа нээлгэх эсэх нь тэднээс хамаарна.

Харин хууччуултай үзэх хүчтэй өрсөлдөгч нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар байх болов уу. Улс төр дэх ураг садны хэлхээ өргөжин тэлж байгаагийн нэгээр аав, хүү хоёрыг нэрлэдэг. Н.Энхбаярын том хүү Э.Батшугар гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан намтартай. “Ремиф” компанийн захирал, нэгэн үе Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Аав нь хуулийн байгууллагад ороогдож эхэлснээс хойш түүний олон нийт сонирхон өдгөө таньдаг болсон.

Э.Батшугартай хамт “Та бидний эвсэл”-ээс М.Тулга нэр дэвшинэ. М.Тулга нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Чухамдаа Н.Алтанхуягийг дагаж, Сонгинохайрхан дүүргийн нүхэлж явсан нэгэн гэхэд ч болно.  "Нүүрс" хөтөлбөрийн хэргээс болж хуулийн байгууллагад саатуулагдаж байсан. Мөн л шударга бусын хонгилоор өөрийг нь чирсэн хэмээдэг бөгөөд цаад хүнээр нь Эбэ-г нэрлэдэг. Иймээс шударга ёс тогтоохын төлөө МАХН-д элссэн гэдэг юм.

Мөн “телевиз”-ийн гэх тодотголтой М.Наранбаатар бий. Нэгэн үе МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан түүнтэй холбоотой сайн гэхээсээ саар түүх олон. Дээр нь их аварга Д.Дагвадоржид зодуулсан гэх яриа ч бий. Хуулийн байгууллагын үүдийг нэг хэсэг мөн ч их сахисан даа.

Тэднээс гадна С.Мөнхчулуун бие даан нэр дэвшиж байгаа. МАН-ын гишүүнчлэлтэй байсан тэрбээр намынхаа бодлогыг сөрсөн хэмээн хөөгдсөн нэгэн. Эл дүүргээс ИТХ-д сонгогдож байсан тул туршлага болоод хүрээлэл түүнд бий. Ийм эрхүүд нэг тойрогт өрсөлдөнө.

Харин МАН-ын хоёр бүсгүйн тухайд асуудал ээдрээтэй. Уг нь хал үзэж, халуун чулуун долоосон ганц нэг хүн парламентад хэрэгтэй гэх байдлаар Сонгинохайрханчууд Д.Тэрибшдагвад элэгтэй байсан юм. Гэтэл түүнийг цагаан хоол ярьсан хүүхнээр солилоо гэх халаглал нэр дэвшигчдийн нэр цуурайтахдаа хамт цахим орчинд тархаж эхэлсэн.

П.Анужингийн хувьд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр цөөнгүй хүнд танигдсан гэж болно. Сүүлийн үед эрүүл зөв хоололтын талаар цахим орчинд өөрийн гэсэн дагагчдаа бөөгнүүлж, фракцалж амжсан нэгэн. Харин Б.Жаргалмаагийн тухайд телевизийн нэвтрүүлэгч гэхээс өөр тодотгол хомс.

Хоёр бүсгүйн өрсөлдөгч нь Д.Кёкүшюзан Батбаяр, Б.Пунсалмаа нар. Д.Кёкүшюзан Батбаярын хувьд эл тойргоос сонгогдож байсан удаатай. Тухайн үедээ улс төрд ороод удаагүй байсан бөгөөд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв. Залуучуудыг Япон руу явуулж мэргэжилтэй болгоно, заримыг нь сумочин ч болгоно гэсэн байх. Тэр бүү хэл, бүртгэл хүртэл хийсэн гэгддэг. Гэвч УИХ-д ороод сураг алдарч, өдгөө дахин санагалзсан  бололтой. Харин энэ удаад сонгогчид түүнийг өмнөх шигээ алга хавсран угтах нь юу л бол.

Б.Пунсалмаагийн хувьд МАН-ын хүүхнүүдийг базчихаж мэдэх бүсгүй. “М-Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал тэрбээр улс төрийн тайзан дээр шинэ хүн. Энэ дүр төрх нь тойргийнхонд нь таалагдаж мэдэх талтай. Дүүргийн намын хорооны эмэгтэй­чүүдийн байгууллагыг удирдах байдлаар өнгөрсөн хугацаанд тойрогтоо усалгаа хийсэн төдийгүй дүүргийн эмэгтэйчүүдийн судалгааг сайтар хийсэн гэж хэлж болно. Одоо судалж мэдсэнээ сурталчилгаа болгон ашиглахад л хангалттай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү