Х.Эрдэнэбаатар: Намайг дэмждэг ард түмэн байна. Би зогсохгүй ээ


2020-05-18 19:29:16

АН-аас Хөвсгөл аймагт УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж байсан ҮБХ-ны гишүүн Х.Эрдэнэбаатарыг Хөвсгөл аймгаас нэр дэвших боломжгүй болгосон. Тэрбээр, цахим хуудсандаа өөрийн сэтгэлийг хуваалцсан байна.  

"Намайг дэмждэг төрсөн нутгийнхаа зон олонд, найз нөхөд, ажлын хамт олон, журмын нөхөд, Ардчилсан намын ах, эгч нар, хэвлэл мэдээллийн салбарынхандаа баярлаж талархаж явдагаа илэрхийлье. Би, гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа хөвөөнд төрж, өсөн, зах зээлийн нийгэмд шилжих үеийг туусан энгийн л нэг айлын хүү. Гэрээ засахаар Хөвсгөл аймгаасаа гадаад улсыг зорьж, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад, Монгол улсаа дэлхийн өндөр хөгжилтэй улс болгох мөрөөдөл өвөртлөн, төрөө засалцахаар эх орондоо ирсэн, 80-аад оны төлөөлөл, жирийн л нэг бизнес эрхлэгч.

Ардчилсан, чөлөөт нийгмийг цогцлоож байж иргэн бүхэн эрх тэгш хангалуун амьдрах учир залуу хүнийхээ хувьд АН-ыг сонгосон. Хөвсгөл аймгийн АН-ын дэмжлэгтэйгээр төрөлх нутгаасаа 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшихээр 2 жил гаран ажиллаж, нутгийнхаа иргэдтэй уулзаж, малчдынхаа амьжиргааг дээшлүүлэх “Чинээлэг малчин” хөтөлбөрийг төрсөн нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн.

Нэр дэвшихийн тулд тойргийнхоо иргэд сонгогчтой ажиллахаасаа илүүтэйгээр намынхаа удирдлагуудтай тохиролцож, амлалт, өгч, ямар нэгэн бүлэглэл фракцийн нөлөөлөлд автаж, нэр дэвших эрхээ авдагийг мэдээгүй явж иржээ. Залуу хүн учир улс төрийн хөшигний ар дахь халуун тогоонд нь оролгүй, хэн нэгний үгээр явалгүй, зорьсон бүхнээ хийж хэрэгжүүлнэ гэдэг итгэл үнэмшил маань улам батжиж байна.

Хөвсгөлийг цэнхэртүүлэх нэг суудлыг намдаа авчирч, Хөвсгөл нутгийнхаа ард түмнийг төрд төлөөлөх нь чин эрмэлзэл байсан юм.

Надад нас байна. Надад зорилго байна, Намайг дэмждэг ард түмэн байна. Би зогсохгүй ээ..." гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү