ГОК жилийн дотор 400 ажилтандаа байр өгсөн гэв үү?!


2020-05-22 09:45:18

Бэлгэвч, уруулын будгаар эхэлсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн шахаа мундахгүй. Шилэн дансны хууль батлагдсан ч “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгжүүлэх гэж нэлээд ажил болж байв. Аймгийн аудитын газраас үйлдвэрийн шилэн дансанд хэд хэдэн шалгалт хийж, хангалтгүй үнэлгээ өгч байсан. 25 тэрбум 264.2 сая төгрөгийн 44 тендерийн талаарх мэдээллийг огт байршуулаагүй байсныг 2017 оны аудитын тайланд онцолсон байдаг. Улмаар хуулийн хэрэгжилтийг хангаж, шилэн дансны хөтлөлтийг идэвхжүүлэх үүрэг даалгаврыг Х.Бадамсүрэнг захирал болсны дараа ч өгч байв. 

Одоо бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг хэрхэн мөлжиж, мөчийг нь цайлгаж, шим шүүсгүй болтол сорж байгааг шилэн данснаас харж болно. Гэхдээ шилэн дансанд 5 сая төгрөгөөс дээших гүйлгээг бичдэг гэдгийг сануулахад илүүдэхгүй. Бага дүнтэй гүйлгээ сальфетканы хэмжээнд тооцогдож, нүднээс далд өнгөрдөг гэсэн үг.

www.erennews.mn сайтын хөндсөнчлэн Х.Бадамсүрэнгийн тансаглал юу ч биш бололтой. Тавилга шинэчлэл хэдэн сая төгрөгөөр олонтаа хийгджээ. Сар болгон өрөөний тавилгыг өөрчилдөг юм уу гэмээр байсхийгээд тавилга авна. Дээр нь ажилчдынхаа нийгмийн амьдралд цаг алдалгүй тусламж үзүүлж, бүгдийг нь шахуу орон сууцаар хангаж гэлтэй харагдана.

Онц байдал тогтоосон хугацаанд тавилга шинэчлэл, орон сууцны дэмжлэг үзүүлсэн нь илүүтэй анхаарал татаж байгаа юм. Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр онц байдлын хугацаанд томилгоо, сохор зоосны ч гэрээ, худалдан авалт хийгдэхгүй гэж байсан ч үнэндээ Хэнтий нутгийн залуусаар дүүрч, нэг өдрийн дотор 9.8 тэрбумын худалдан авалт хийгдэж, уурхайчдын нэр барьсан дээрх хавтгайрсан халамжийг тэрбээр хэрхэн тайлбарлах бол.

Жил хүрэхгүй хугацаанд 400 гаруй хүнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэдэг мундаг тоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин 1” орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлж, гүйцэтгэл 30 гаруй хувьтай яваа. Тус үйлдвэр “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хотхон байгуулж 1300 айлыг орон сууцаар хангахаар төлөвлөсөн. Баян-Өндөр уулын энгэрт байрлах тус хотхон Орхон аймгийн хамгийн өндөрлөг газарт байрлаж байгаа бөгөөд “Уурхайчин1” орон сууцны барилгыг “Неман констракшн, “Хемон констракшн” компаниуд гүйцэтгэж байгаа гэдэг.

Гэтэл энэ орон сууцыг ашиглалтад орохыг хүлээж тэвчилгүй 400 гаруй хүнийг гэнэт байраар хангасан нь сонирхолтой. Шилэн дансанд орон сууцны дэмжлэг хэмээн оруулсан энэ дэмжлэг чухамдаа жинхэнэ эздэдээ хүрсэн үү гэдгийг ГОК-ийн ажилчид, уурхайчид л хэлэх байх. Онц байдал тогтоогоод удалгүй гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнгийн албан тушаал ганхаж, хэсэгтээ сандаргасан ч томоохон тохироогоор суудалтайгаа үлдсэн гэх мэдээлэл одоо ч эрчээ алдалдгүй яригдсан хэвээр.

Тэгвэл энэ бүхний мөр өнөөх шилэн дансанд шингэсэн байж мэдэх юм. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй... Хийсэн ажил, гаргасан шийдвэр нь хаашаа ч хөтөлж мэдэхийг Х.Бадамсүрэн захирал эрхбиш мэддэг л байлгүй. Тиймээс түг түмэн тавилгын шахаа, хагас сая шахам орон сууцны хуваарилалт, эргэлзээ төрүүлсэн их хэмжээний барилгын материалын худалдан авалт нь түүнийг хуулийн байгууллага руу чирэхгүй гэдэгт найдъя. Онцгой дэглэм гэгчийг тогтоон үйлдвэрийн дарга нарын өрөөнд лац зүүж, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон тэдний эзэн гэгддэг Д.Эрдэнэбилэг нарыг барьж саатуулсан ганц хоногийн сүржигнэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн нэр барин тайван замаар “тонох” гэсэн төлөвлөгөө төдийхөн байсан юм биш байгаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү