Тойрог: Хавтаст хэрэгт бүртгэлтэй эрчүүдээс илүүтэй буужгайнуудын дунд өрсөлдөөн өрнөх вий


2020-05-23 14:53:58

УИХ-ын Сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймаг. 3 мандаттай саармаг тойрог бөгөөд сонгогчид нь хаашаа ч холбирч мэдэх нигууртай. Хуучуулаас хоёр Эрдэнэбат, С.Баярцогт нар нэр дэвшихээр намаас виз өвөртөлсөн.

Ж.Эрдэнэбатын тухайд УИХ-д гурвантаа улиран сонгогдохын хүсэлтэй. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болоход Засгийн газрын тэргүүнээр “хуваарилагдсан” ч Ухнаагийн хүүд далаараа тавиулж, сул гишүүний орон тоогоор бүрэн эрхээ дуусгавар болгосон. Гэхдээ энэ хугацаанд хуулийн байгууллагын хаалгаар хэдэнтээ шагайж, тендер, концессийн асуудлаар тайлбар, мэдүүлэг өгсөн өдрүүд цөөнгүй.

АН-аас нэр дэвшиж байгаа Д.Эрдэнэбатын хувьд дээрхээсээ ялгараад байх зүйл хомс. Автын инженер мэргэжилтэй тэрбээр цөөнхий бүлэг, сүүлдээ зөвлөлийн даргаар энэ дөрвөн жил ажилласан. Үүний хажуугаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаас болж Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, сүүлдээ яллагдагчаар татагдаад байгаа нэгэн. Түүний Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хамт улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргээр хуулийн байгууллагад “бүртгэлжлүүлээд” байгаа. Түүнтэй холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. Магадгүй сурталчилгааны үеэр шүүхийн танхимд сууж байж мэдэх нь.

Мөн АН-аас С.Баярцогт үр тарианы өлгий Сэлэнгэ нутагтаа нэр дэвшиж байна. Парламентад амьдралынхаа 18 жилийг “үрсэн” тэрбээр мөн л хуулийн байгууллагын хар дэвтэрт бүртгэлтэй. Чухамдаа түүнтэй холбогдох хавтас хэргийн материал дэндүү зузаан. Оффшорт хөрөнгөө нуугаад мартсан, Оюутолгойн гэрээнээс хувь хүртсэн гээд олон зүйлтэй толгой холбогдоно. 2016 оны сонгуулиар Н.Оюундарьд дэгээдүүлж, түүнээс хойш хуулийн байгууллагын үүднээс салаагүй гэхэд хилсдэхгүй. Улмаар унасан дээр нь дэвсэлнэ гэгчээр хуулийн байгууллагын хаяа сахихын зэрэгцээ намаасаа хөөгдөж, ганцаардсан өдрүүдэд ч түүнд олон байлаа. Эцэст нь бие даан нэр дэвшихээр шийдээд байсан С.Эрдэнэ хадаг барьж, хатавчиндаа авчирсан гэнэ билээ.

Ийнхүү хар бараан сүүдэртэй, хавтаст хэрэгт бүртгэлтэй гурван эрхэм Сэлэнгэ аймгийн сонгогчдыг уяраахаар сэтгэл шулуудаад байна.

Тэднээс гадна Сэлэнгэчүүдийг сүүлийн 2-3 жил усалж байгаа хүн бол “Сөүл” рестораны эзэн Д.Өнөрболор. Эмэгтэйчүүдийн байгууллагын толгой гэх нэрийн дор Сэлэнгийн хүүхнүүдийг толгой дараалан нүдлээд амжсан. Тэр бүү хэл, нүүр өгдөггүй заримыг нь амрааж, аялуулаад өөрийн халаасандаа хийгээд амжсан сүйхээтэй бүсгүй.

ЖДҮ-гийн асуудлаас болж хойш мултарсан Н.Оюундарийн оронд багш Ч.Удрам МАН-аас нэр дэвшихээр болоод байгаа. МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал гэх гуншингаас нь илүүтэй “Өсөх зоос” компанийн эзэн Чинбатын охин гэвэл олон хүн гадарлаж мэднэ. Цэнхэр батлахаа гээн байж улаан сарнай энгэртээ хатган Сэлэнгэ аймгаас горилж буй бүсгүй. Хэдийгээр тэрбээр “АН-д байгаагүй” хэмээдэг ч эл намынхан угсаа гарлыг нь, сонгуулийн штабт хэрхэн ажиллаж байсныг нь хуучлах юм билээ. Юутай ч ар тал сайтай, дээр нь шинэ хүн тул Сэлэнгэчүүд талтай байх магадлал өндөр.

АН-аас тэдэнтэй “маажилцуулах”-аар Д.Үүрийнтуяаг илгээв. Ерөнхийлөгчийн Х.Баттулгын Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан намтартай. Намын дарга С.Эрдэнийн итгэлт хүн. Хоёр жилийн өмнөөс Д.Үүрийнтуяаг Сэлэнгэд “нутагшуулах” оролдлого эхэлсэн гэхэд болно. Тус аймгийн намын даргад зүтгүүлж, Баянгол дүүргээс олон хүнийг аваачиж санал өгүүлсэн маапаан өдгөө ч чих дэлсэх нь бий. Гэвч аймгийн намын хорооны гишүүд Д.Үүрийнтуяаг босгоноосоо дээш гаргаагүй юм.

Гол өрсөлдөөн дээрх эрхмүүдийн дунд, тэр дундаа хүүхнүүдийн халзагналаар өрнөх болов уу. Хэдийгээр “Та бидний эвсэл”-ээс ҮТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Энхболд, эдийн засагч Ш.Эрдэнэбат, багш, дасгалжуулагч М.Насанжаргал нарыг нэр дэвшүүлсэн ч жин дарах магадлал бага. Харин Шинэ эвслээс нэр дэвшиж байгаа Л.Цог арай хүнд байж мэдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү