Х.Баттулга: 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү судалж, сонголтоо хийгээрэй


2020-06-24 19:08:50

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийн 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд 17:00 цагт ирж, саналаа өглөө.

 

Тэрбээр саналаа өгсныхөө дараа "УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн маань, тэр дундаа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

1990 онд Ардчилсан Монгол Улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд алдаж, онож олон замыг тууллаа.

УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг асар олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс асар их мөнгөөр санал худалдаж авах оролдлого гардаг. Гэмт хэрэгтнүүд УИХ-д толгой хоргоддог. Тиймээс залуус саналаа өгөхийг уриалж байна.

17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгааг надад мэдээлсэн. 22:00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна.

Найм дахь удаагийн сонгууль гэдгийг би түрүүн дурдсан. Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдгийг маш сайн хардаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү судалж, сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье" гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан.

- Нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдаж байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

- 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Ер нь бол гадаадын иргэншилтэй гэсэн пасспортны дугаарууд харагдаж байсан.

- Зургаан нэр дэвшигч урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Энэ асуудал дээр Та Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Энэ шүүх эрх мэдлийн асуудал. Ажиглахад 2013, 2014, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна лээ. Үүнийг бид ажиглаж байгаа.

- Эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Та шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

- Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана. Би өөрөө бизнес хийж байсан хүн учраас энэ зовлон жаргалыг ойлгодог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү