Урьдчилсан дүнгээр МАН 62 суудалтай боллоо


2020-06-25 00:45:39

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалтын ирц 73.64 хувьтай явагдаж өндөрлөлөө. Тодруулбал, нийслэлийн хэмжээний 896.378 сонгогч бүртгэгдсэнээс 657.159 хүн санал өгч 73.31 хувийн ирцтэй гарсан бол аймгийн хэмжээнд 1.107.591 сонгогч бүртгэгдсэнээс 818.516 хүн санал өгч, 73.90 хувьтай байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн юм.

Урьдчилсан байдлаар МАН 62, АН 11 суудал авсан бол Зөв хүн электрот эвслээс 1, “Та бидний эвсэл”-ээс 1, бие даагч 1 сонгогдоод байна.

Энэ удаагийн сонгуульд 121 бие даагч өрсөлдсөнөөс ганц хүн сонгогдсон нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшин 42.9 хувийн саналыг авч ялалт байгуулаад байна. Эл тойрогт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өрсөлдсөн бөгөөд тэрбээр улаан шугамын хойно үлдэв.

Мөн эл тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн С.Ганбаатар ялалт байгууллаа. Ингэснээр МАХН парламентад нэг суудалтай болж байгаа юм. Өмнөх парламентад О.Баасанхүү тус намын харьяалалтай сонгогдсон ч эцэст нь АН руу гулссан билээ.

Ирэх УИХ-д 12 эмэгтэй гишүүнтэй байхаар урьдчилсан дүн гараад байгаа. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл,  Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам,  Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа нар сонгогдов. Тэдний 3 нь өмнөх парламентад сонгогдож байсан бол 9 нь “шинэков”.

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Лүндээжанцан, Т.Ганди, Ц.Нямдорж, ШИНЭ эвслээс нэр дэвшигч Л.Болд, АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Р.Амаржаргал нар сонгогдсонгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү