Бие даагчид сонгуулийн дүнд хакер ажиллагаа орсон тул сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэв


2020-06-26 14:48:35

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын 19-р тойрог Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд: "Хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 121 хүн бие даан нэр дэвшсэн. Олон нийт намыг гэхээс илүү хүнийг харна гэсэн байдлаар хандаж байгаа нь олон судалгаагаар гарч байсан. 

Маш олон хүн намайг нэгдүгээрт бичигдэж гарч ирнэ гэж байсан. Харамсалтай нь бие даагч нарын саналыг тоолохдоо сонгуулийн машинд байхгүй таслалтай форматтай орж ирсэн. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл нэг форматаар явах ёстой гэж хэлж байсан ч тэгсэнгүй. Тооцооллыг хөндлөнгийн хакер ажиллагаа хийлээ. Тухайлбал, Миний авсан санал анх бусад нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. 10 мянгатай саналтай хүнд таслал гарсангүй. 14,622 саналтайгаар хамгийн эхэнд бичигдэж байгаа хүний саналыг эксел программ дээр хоёр хуваахад автоматаар 7,311 гэж таслалтай гарч ирдэг. Энэ ганцхан над дээр биш. Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн.  Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр, Т.Бат-Оргил, Ж.Эрхэмбаатар, Ц.Цолмон гээд бүх бие даагчдын авсан санал дээр бүгд таслалтай гарч байна. Авсан саналыг хуваалт оруулчихсан учраас таслалтай гарч байгаа юм. Энэ нь солигдох хугацаа нь 15 минут орчим байгаа учраас эхлээд таслалтай гарч байгаа бөгөөд дараа нь арилж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж, улс орны төлөө үйлчилж байгаа, улс орноо МАН ба бусад гэж үзээгүй Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ ажиллагааг шалгаж, энэ бүх ажиллагаа явагдсан тойргууд дээр дахин санал хураалт явуулах ёстой. Ингэж байж та 3.2 сая хүний Ерөнхий сайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хэлмээр байна. Та МАН-ын гишүүн биш, намаасаа хуулийн дагуу түдгэлзсэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч тул энэ бүх баримтыг шалгуулж өгнө үү. Би нэгээр гарч ирэх гэж байгаа юм биш. Би дахиад барилдъя, унавал би хүлээн зөвшөөрье" гэв.

Харин 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил:  Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна.

УИХ-ын 28-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун: Миний хувьд 2,755 гэсэн санал дээр зогсож байгаа нэмэгдэхгүй байж байснаа арван мянга хүрээд тавдугаарт жагссан. Дүн ирүүлсэн тоо харуулж байхад 50 хэсгийн хорооноос тавынх нь ирсэн байхад Н.Учрал 13339, Д.Сумъяабазар 9172 санал авсан байгаа юм.

Хуулиараа нэг хэсгийн хороонд 1800 сонгогч байх ёстой. Таван хэсгийн хорооны бүх хүн санал хураалтад оролцож эдэнд өгсөн байхад нийт 9000 санал л байх боломжтой. Үүнээс харахад хэсгийн хорооны саналын тоо зөрүүтэй байна. Таван хэсгийн хороонд 45 мянга орчим санал орж ирэх ёстой. Гэтэл нийт саналын тоо нь 65 мянга болж байна. 20 мянган санал хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Сонгуулийг илтэд луйвардсан гэдэг нь ойлгомжтой байна.

Тиймээс энэ сонгуулийн дүнг бид хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийг хүчингүй болгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү