Ч.Содномцэрэн: 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргалаа


2020-06-26 15:18:15

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын найм дахь удаагийн сонгууль нь Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд болсон гэж СЕХ үзлээ. Хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор сонгуулийг зохион байгууллаа.

Монгол УИХ-ын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1,772 албан хаагч ажиллалаа. Хамтран ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа. 

УИХ-ын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 102 бие даагч, нийт 604 нэр дэвшигч бүртгүүлж, сурталчилгааг хийн, дуусгалаа. Сонгууль амаргүй нөхцөлд болсон ч амжилттай хийлээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад 95.34 хувь нь саналаа өгсөн. Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа.

Санал хураалт дууссаны дараа 2,070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа* гэв.

Мөн МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Бие даагч-1, Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.

Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагаас гардуулж өгнө* гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү