УИХ-ын даргаар Г.Занданшатар улиран сонгогдов


2020-06-30 19:08:45

УИХ-ын анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлаар үргэлжилж байна. УИХ-ын 76 гишүүн тангараг өргөсний дараа түр завсарлаад эргэж хуралдлаа.

Хуульд зааснаар өнөөдрийн чуулганараар УИХ-ын даргыг томилох ёстой. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ" хэмээн заасан байдаг. 

Тиймээс олонх болж 62 суудал авсан МАН-аас дараагийн УИХ-ын даргыг санал болгов. МАН-аас УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилуулахаар санал болгосон.

МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.  Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээж, захиас даалгаврыг биелүүлэхээр сонгогдсон эрхэм гишүүдэд халуун баяр хүргэе. МАН-ын үнэмлэхүй ялалт нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын шударга ёсны тэмцэл, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжлүүлээрэй гэсэн ард түмний итгэл, үүрэг даалгавар гэж үзэж байна. Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө давалгаа гэдгийг ойлгож, хошуучлан манлайлж зүтгэх ёстой. Монгол орноо сэргээн мандуулахын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх үүрэг бидэнд ногдлоо. 

Шинэ парламент таван чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллах ёстой. Үүнд: 

  1. Хуулийн реформ хийх ажлыг хугацаа алдалгүй үргэлжлүүлж 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой
  2. Эдийн засгийн өсөлтийг бий болгох, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаргуу ажиллах шаардлагатай. Зээлийн хүүг бууруулж нэг оронд оруулах, ипотекийн зээлийг бууруулах зэрэг асуудлыг нэн яаралтай шийдэх. 
  3. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх 
  4. Төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бий болгохын тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгох ёстой. 
  5. Нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлж, мөрийн хөтөлбөрт багтсан хөтөлбөрүүдийг эцэслэн боловсруулж, ойрын үед ажилдаа орно. 

Бидэнд амарч суух зав алга" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү