У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилохоор Бага хурлын гишүүд санал нэгдэв


2020-07-01 12:58:58

МАН-ын Бага хурлын шийдвэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг МАН-ын Бага хурал баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. 

МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага ирлээ гэж үзэж байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Дөрвөн жилийн хугацаан 2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг хариуцлага бий” гэлээ. 
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх талаар түүнээс тодруулахад “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэл гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжтой байгаа. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулж ажиллана.

МАН өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жилд илүү тогтвортой байдлын хангах ажиллах болно. 

МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана. 

Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална. 

Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал байгаа. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн тусдаа яам байх уу эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд авч явах уу гэдгээ одоо ярьж байна. 

Нэг талдаа эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Шинээр Засгийн газар байгуулагдаж байгаа учраас төсөвт тодорхой зохицуулалт хийгдэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү