Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө


2020-07-01 17:14:03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын баримт бичгүүд болох Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан “Улаанбаатар ба дагуул хотууд”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэтийн зорилт, стратеги төлөвлөгөө буюу Х.О.Т концевц, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн тооцоо судалгаанууд, Автозамын мастер төлөвлөгөө, Нийтийн тээврийн цогц шийдэл, Орон сууцжуулах хөтөлбөр гээд нийслэлд хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдийн баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын тамгын хамт гардуулж өгсөн юм. Энэ нь Төрийн ажлын залгамж холбоог бий болгож байгаа сайн шинэ жишиг болон тогтож байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өчигдөр нийслэлийн Засаг даргын үүрэг ажлаа хүлээлгэн өгсөн. Өнөөдөр тамга, тэмдэгээ бодлогын баримт бичиг, Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон зорилтууд, эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх тооцоо судалгаа, хөтөлбөр төлөвлөгөөнүүдээ гардуулж өглөө. Нийслэлийн ажил иргэдийн өмнө бүх талаараа ил тод, нээлттэй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн ажлууд цаашид амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Төрийн дээд хууль тогтоох байгууллагад ажиллахаар иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон. Цаашид нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг мэдэх төлөөлөлтэй болж байгаад баяртай байна. Таны хууль тогтоох ажилд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс болон нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын зүгээс амжилт хүсье” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай захирамжид “УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул Сайнбуянгийн Амарсайханыг Нийслэлийн Засаг даргын үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7 заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Жанцангийн Батбаясгаланд даалгасугай” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү