У.Хүрэлсүхэд дараа гэж бий юу


2020-07-27 10:35:01

Ийм асуулт улс төрийн хүрээнийхний дунд хөвөрч эхэллээ. Ердөө хоёр сарын дараа орон нутгийн сонгууль болно. Улмаар жилийн дараа Ерөнхийлөгчийн сунгаа явагдана гээд улс төрийн чансаа сорьсон олон сорилт түүний өмнө бий. Гэвч...

Олдвол өлддөг зовлон ойрын өдрүүдэд У.Хүрэлсүхийг ээрэв. Хэдийгээр тэрбээр сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхүй олуулаа болсон ч энэ нь түүнд жаргал бус зовлон авчирсан нь энэ. Дур мэдэн бүрдүүлсэн танхим нь олны таашаалд нийцсэнгүй. Дур мэдэх гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчтэй наймаалцан бүрдүүлсэн Засгийн газар нь өнгө муутай, үлбэгэр харагдах болов. Хэдийгээр концесс, ЖДҮ, 60 тэрбумаас татгалзан, мэргэжлийн хүмүүсээр кабинетаа бүрдүүлсэн ч нэг л сулбагар.

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар сүжрэх болсоор удаж байна. Улс төрийн нөхөрлөлийн зам тийм ч урт биш. Гэхдээ тэдний сэтгэл хөрөх бас болоогүй бололтой юм. Ерөнхийлөгчийн зүгээс түүний тэргүүлсэн кабинетад өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан С.Чулууныг шургууллаа. Ингэхдээ шинээр байгуулж байгаа Соёлын сайдын суудлыг Төрийн тэргүүн мэдэлдээ авч дөнгөсөн гэж тодорхойлж болох юм.

Өнгөн талаасаа мэргэжлийнхэн боловч өнгийгөөд харвал У.Хүрэлсүхийн цэргийн сургуулийн анд Г.Сайханбаяраас эхлээд олон зүйлийг холбон тайлбарлаж болохуйц. Ухвал ЖДҮ-чдээсээ салсан мэт боловч Я.Содбаатар энэ бүхнийг баллуурдаж орхино. Улмаар тэдгээрийн хамаарал бүхий нөхдийг халхавчлан оруулж ирсэн гэж хардах үндэслэлүүд ч бий.

Төрийн тэргүүний наймаа, анд нөхрийн холбооноос гадна мөнгөний хүчин зүйл ч энэ Засгийн хувь заяанд ихээхэн нөлөөлсөн гэх яриа бий. Үнэндээ ч Эрүүл мэндийн сайдын суудлын эзэн шөнийн дотор өөрчлөгдсөн нь байгалийн хүчин зүйлтэй холбоотой гэхээс яалтай.

Юу сайхан дур сайхан гэгчээр энэ бол У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн Засгийн газар. Гагцхүү богино наслаж мэдэх нигууртайг улс төрийн “лам” нар мэргэндээ буулгаад буй.

Үзэмж муутайхан, сульдаатай Засгийн газраас гадна агентлагийн дарга нарын томилгоо нүд хуурах хэмжээнд өрнөсөн нь У.Хүрэлсүхийг улам муухай харагдуулах нь тэр. Нам бялуу хүртэх бүрт албан тушаалд томилогдож, суудал бөглөдөг хэдэн хүн МАН-д бий. Тэд энэ удаад ч хоосон суусангүй.

Тухайлбал, Д.Загджав. Түүнийг энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов. Тэр хэзээ ч баярын бялуунаас хоцорч байсангүй. Тэглээ гээд гавьяа ч байгуулсан түүхгүй. Тэр өмнөх 4 жил Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдын суудлыг бөглөсөн бол энэ удаад хуулийн байгууллагын хоолыг идэхээр боллоо.

Түүнтэй дүйхүйц дараагийн хүн нь Т.Гантулга. Т.Бадамжунайгийн баруун гар. Тиймдээ ч чимээгүйхэн байж, албан тушаалд тухалж сурсан нэгэн. Эрчим хүчний дэд сайдын сэнтийд өнгөрсөн өдрүүдийг үдсэн бол өдгөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдов.

Харин МЕХГ-ын даргаар ажиллаж байсан Н.Цагаанхүүг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилов. Ёстой л эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчмаар агентлагийн дарга нарын томилгоог хийсэн нь энэ.

Мөн Ухнаагийн хүүгийн хувьд хэзээ ч мартагддаггүй нэг хүн байдаг нь Х.Хэрлэн. Кадастрын албаны Х.Хэрлэн гэх цуутай нөхрийг У.Хүрэлсүх үргэлж ардаа чирж, албан ажлаа амжуулуулдаг гэхэд хилсдэхгүй. Тэд багын андууд бөгөөд У.Хүрэлсүх албан тушаалд томилогдмогцоо Х.Хэрлэнг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилж байв. Х.Хэрлэгийн ул мөрийг шагайвал бараан түүх арвин. 

Түүнчлэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар өөрийн зөвлөх Б.Цэнгэлийг томилов. Б.Цэнгэл мөн л намын даргын дотны анд.

У.Хүрэлсүх тойрон хүрээлэгчдээ, найз нөхдөө, хамтрагчдаа хоолтой нь залгуулчихлаа. Харин тэр тэднийг хэр удаан хооллох бол...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү