Хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10 сараас өмнө дуусгахыг үүрэгдэв


2020-07-27 18:56:12

Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, даалгаварыг дэлгэрэнгүй зааж өгсөн.

Улмаар Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлаар хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд Баянхонгор, Өвөрхангай нутгаар муу байгаа аж. Цаг уурын мэдээгээр хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байх тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм.

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “10 дугаар сард Хангай, Хөвсгөл, хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа нь тогтвортой цасан бүрхүүл эрт тогтох нөхцөл болж болзошгүй байна. Энэ нь улмаар өвлийн улирал, тэр дундаа 12-01 сарууд олон жилийн дунджаас хүйтэн болж болзшгүйг илтгэх нэг хүчин зүйл” хэмээн ирэх өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар танилцуулав.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтыг хаягдалгүй, технологийн дагуу богино хугацаанд хураан авахад анхаарах, хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумд аюулгүй нөөцийн өвс, тэжээлээ үнэ хямд байгаа намрын улиралд худалдан авч нөөцлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар холбогдох албаныхны мэдээлэл, тулгамдсан асуудлын талаар нөхцөл байдалтай танилцаад өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангахын тулд дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,

1. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах;
2. Зуншлага сайтай аймаг, сумдын нутагт малчдыг баг, бүлэг болгон хадлан тэжээл бэлтгэхэд нь тусалж, дэмжих;
3. Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулах;
4. Аймаг, сумын хэмжээнд мал, мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх;
5. Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимтэй явуулах;
6. Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах;
7. Цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх зарлан мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх, болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх;
8. Үерийн аманд буусан айл, иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх;
9. Цаг уурын байгууллагаас гаргаж буй бэлчээрийн даац, зудын эрсдэлийн мэдээ, аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард, иргэдэд шуурхай хүргэх;
10. 2020-2021 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах;
11. Аймгуудын төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;
12. Аймаг, сумдын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;
13. Дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах;
14. Сум бүрийг дизель станцтай болгож, гэнэтийн осол, аваарын үед ажиллуулах цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгах;
15. Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, түргэн тусламжийн авто машин, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулж, Ковид-19 цар тахлын үед ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах;
16. Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;
17. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйл, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах;
18. Сум, орон нутагт байгуулагдсан Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахийг тус тус үүрэг болгосон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү