Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт “эзэн” суусан Н.Багабандийн эрх мэдэлд хэн цэг хатгах вэ?


2020-07-28 11:09:15

-Түүний эрх ямба, хэмжээ хязгаарт дараагийн Ерөнхий сайд гэгдэж буй Л.Оюун-Эрдэнийн нүүдэл нөлөөлөх үү-

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэр, үйлчилгээний газруудын дарга нарын томилгоог хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын халаа, сэлгээ хамгийн хүчтэй яригдаж байгаа.

УИХ-ын 23 дугаар тогтоолд “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгохоор заасан. Тогтоолыг хэрэгжүүлж, тус үйлчилгээний газрын даргаар Х.Бадамсүрэнг жил гаруйн өмнө улираан томилж байв. Ингэхдээ үйлдвэрийн бүтцийг шинэчлэх асуудал хэдэнтээ хөндөгдсөн ч хурган дарга нарын тоо олширсноос өөрөөр юу ч хийж чадалгүй асуудал өндөрлөсөн юм.

Чухамдаа бүтцийн өөрчлөлт нэрээр эрх баригч намын нөлөө бүхий хэдэн кадрын шахааны хүмүүс албан тушаал авснаар Х.Бадамсүрэн гэж хүнээс ямар ч шинэчлэл горьдолтгүй эцэслэгдсэн гэж болно. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн ангийн найзын хүү, мөн өнөөгийн сайд Х.Нямбаатарын сонгуулийн менежер, Х.Бадамсүрэнгийн зөвлөх гээд олон хүн дэд захирлын суудалд тухалж, хангамж эдэлж эхэлсэн.

Тэгвэл Х.Бадамсүрэнг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, дараагийн захирлыг томилохоор болсон байна. Үнэндээ Х.Бадамсүрэнг өнөөг хүртэл эл албан тушаалд суулгасан хүн Н.Багабанди гэх нь бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг цэргийн бага дарга байхад нь улс төрд хөтөлж оруулж ирсэн хуурай ах гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй.  Тэр утгаараа Оюутолгойн гэрээнд хутгалдсан хэн хүнгүй хоригдол болж байхад мань хүн жишим ч үгүй сайхан аж төрж буй нь Хүкийн нөлөө ч гэгдэж байгаа. Мөн Х.Бадамсүрэн “Сод Монгол групп”-ээс ангижирч чаддаггүй нь мөнөөх Н.Багабандитай холбоотой гэлцдэг жиг жуг түүний суудлыг авах тухай сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж эхэллээ.

Учир нь “Сод Монгол групп”-ийн захирал Ц.Анандбазар экс Ерөнхийлөгч Н.Багабандийн хүргэн. Тиймээс гуя дагуулж хүзүү гэгчээр Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдоход “Сод Монгол”-ын шошгот Д.Үүрийнтуяаг дагалдуулсан хэрэг.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед захирлаар томилогдсон Х.Бадамсүрэн У.Хүрэлсүхийн эрин үеийн эхэнд багагүй зүдэрсэн нь үнэн. Ерөнхий сайдаар томилогдож, эрх мэдлийг атгасан У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагыг нүд үзүүрлэж, халаа сэлгээ хийх талаар хэдэнтээ онцолж байсныг бид өмнөх дугаарт дурьдсан. Угтаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн итгэлт хүн Х.Хэрлэнг “Эрдэнэт”-ийн захирлаар томилох яриа улс төрийн хүрээнд хүчээ авсан байв. Гэвч Ерөнхий сайд зүтгэснээ ажил болголгүй Х.Хэрлэнгээ Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилон, өөрийг нь их улс төрд хөтөлж оруулж ирсэн Н.Багабандийн “Х.Бадамсүрэнг үлдээж өгөөч” гэх гуйлтыг хүлээн авч ач хариулсан билээ.

Албан тушаалдаа улирсан Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяаг өөд татан тойлдож, эрх мэдэл олгосон нь гогцоогоороо ийм шалтгаантай. Үнэндээ Д.Үүрийнтуяа дэд захирлын албан тушаалд очихоосоо өмнө үйлдвэрийн бүхий л ажилд хошуу дүрж, хутгалдан Х.Бадамсүрэнгийн өмнөөс шийдвэр гаргах шахдаг байсныг олон түмнээр мэднэ. Чухамдаа албан бланк дээрх гарын үсэг нь Х.Бадамсүрэн ч ачир дээрээ Д.Үүрийнтуяа буюу түүний ар дахь Н.Багабанди бүхнийг удирддаг гэх яриа нууц байхаа больж, өдгөө амтай бүхний унтууцах сэдвийн нэг болоод байгаа.

“Эрдэнэт үйлдвэр”-т “Сод Монгол” их хэмжээний шатахууныг байж боломгүй өндөр үнээр шахсан ч өдгөө хэн ч хариуцлага хүлээгээгүй яваа нь дээрх эрхмүүдийн хэлхээ холбоог хангалттай тодотгож буй хэрэг юм.

Харин энэ удаад У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр”-ийг тэдний гараас авч, Х.Бадамсүрэнг тэтгэвэрт, Д.Үүрийнтуяаг төрхөмд нь буцаахаар шийдсэн бололтой. Энэ сургаар Тусгаар тогтнолын ордонд хөлд дарагдаж, намын дарга болоод генсэк бөгс өндийх завгүй сууна. Тэр дундаа тэртэй тэргүй Ерөнхийлөгчтэй нэг тогооны нөхөд болчихоод дараагийн Ерөнхий сайд гэгдэж буй Л.Оюун-Эрдэнэ, мөн Ерөнхийлөгчийн худ нь болох С.Амарсайхан нарын нүүдэл Хүкийг, Н.Багабандитай юутай нь барьц алдуулж байгаа гэдгийг эрх баригч намын нөхөд хэлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү