Х.Бадамсүрэнг Х.Хэрлэнгээр сольсон ч Н.Багабандийн хувьд ялгаа үгүй


2020-07-29 11:58:26

“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагыг солих сургаар дараагийн захирал хэн бэ гэх таамаг, зөрчилдөөн хөвөрч эхлэв. Хариулт тун энгийн.

Монголын саалийн үнээ гэгддэг тус үйлдвэрийн “эзэн” нь монголчууд бус харин шууд бус утгаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Үргэлж хөшигний араас удирдан чиглүүлж, өөрийн нөхдийг удирдлагын багт суулгасаар ирснийг хэвлэлүүдийн мэдээлэл, тоймуудаас нэгтгэн харж болно.

Эрдэнэтийн овоо орчим хүдэр илүү байгааг 1964 онд Монгол, Чехословакийн хамтарсан геологи шинжилгээний анги тогтоосон гэдэг. 1973 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-ыг төлөөлж, тус улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зуржээ. Ийнхүү үйлдвэр 1978 онд ашиглалтад орж, Орос захирлын удирдлага дор үйл ажиллагаа явуулж байв. Арав гаруй жилийн турш орос захиралтай, дийлэнх ажилчид ч орос байсан гэдэг.

Харин анхны Монгол захирал нь Ш.Отгонбилэг. Чухамдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийн хүнээ тавьсан анхны алхам нь тэр байв.

1997 оны хавар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан “Эрдэнэт” үйлдвэрт аудитын шалгалт оруулж үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг улсын хөрөнгөөр өөрийн мэт дургиж байгааг илрүүлэн Монгол Улс, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгсөн удаатай. Улмаар 1998 оны наймдугаар сарын 20-ны үед Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд Д.Дорлигжавыг томилж байв.

Энэ явдлын дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд хандан “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүссэн нь бий. Удалгүй тухайн үеийн МоАХ дотроо тэмцэлдэж М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Элбэгдорж томилогдсон ч төрийн өмчийн “Сэргээн босголтын банк”-ийг хувийн хэвшлийн “Голомт” банктай нийлүүлэх ажиллагаа явагдав.

Үүнд Засгийн газрыг буруутган Ц.Элбэгдорж 1998 оны тавдугаар сарын үед огцорч байлаа. Зарим нь төрийн нууц задруулсан хэргээ нуух гэж сайн дураараа ажлаа өгсөн гэж ярих нь ч бий.

Улмаар Ерөнхий сайдын суудал эзгүйрч, эл албан тушаалд Да.Ганболдыг долоон удаа нэрийг нь дэвшүүлсэн ч МоАХ-ны баримтлал “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас болж Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавин буцааж байв.

Чухамдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуучин удирдлагыг эргүүлэн томилох тулгалт явуулж байсан гэдэг. Энэ талаар Да.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ч хэлж байсан удаатай. Ингэсээр түүний болзлыг хүлээж авсан хүн нь Ж.Наранцацралт агсан бололтой. Тэрээр ажлаа авмагцаа Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдыг үүрэгт ажлаас нь халав. Улмаар ОХУ руу захиа илгээсэн боловч эзэндээ хүрэлгүй илчлэгдэж, үүрэгт ажлаасаа огцорч байлаа.

Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг, Ш.Отгонбилэгийн хэргийг өмгөөлж байсан, олонд төдийлөн нэрд гараагүй өмгөөлөгч М.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий прокурор, өмгөөлөгч Ч.Ганбатыг Монгол Улсын Ерөнхий шүүгчээр шууд томилсон түүх бий. Ш.Отгонбилэгт хамаарах шүүх хурал тэгсхийгээд өнгөрч, шийдвэр ч тэдний талд гарч байв.

Орхон аймагт овоолгыг дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэс-Эрдэнийн хувь”, “Эрдмин”, “Ачит-Ихт” гэх гурван компани байдаг. “Эрдмин” ХХК нь Ш.Отгонбилэгийн үед байгуулагдаад олон жил болж байгаа бөгөөд 25 хувийг нь “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. Үлдсэн 75 хувьд Н.Багабандийн хувь бий гэлцдэг. Харин Н.Энхбаярын хувьд ган бөмбөлөг шахахаас хэтрээгүй гэдэг.

Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарын хувьд нөхөрлөл урт үргэлжилж, тэдний нөхөрлөл “Эрдэнэт”-ийн ясыг цайтал мөлжих төлөвлөгөөтэй гэдгийг хэн хүнгүй ярьсаар олон оныг үдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалыг шууд Ц.Элбэгдоржтой хамааруулдгийг бид мэднэ. Үнэндээ түүнийг гэж шулуухан нэрлэх нь ч бий. Ийнхүү үеийн үед Н.Багабанди, үргэлжлүүлээд Эбэ оролцох болсон тус үйлдвэрийн удирдлагуудын томилгоонд У.Хүрэлсүх хуруу дүрэх гээд баралгүй өнөөг хүрэв. Тэрбээр Х.Бадамсүрэнг Х.Хэрлэнгээр сольж чаддаг юм гэхэд улстөрд хөтөлж оруулж ирсэн Н.Багабандийн жимээс салж чадахгүй л болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү