ГОК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгч гэх улстөрийн албан тушаалд хэн очих вэ?


2020-07-31 14:31:53

Сарын 5 сая төгрөгийн цалинтай газрын даргаар хэн томилогдох вэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаас дутахааргүй улстөрчдийн аазгайг хөдөлгөдөг нэг албан тушаал бий нь тус үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар. Өдгөө эл газрын захирлаар Б.Сэмжидмаа гэх бүсгүй бий.

60 тэрбумын гэх хэргийг сэвж, хотын даргаар ажиллаж байсан Су.Батболдыг суудлаас нь унагахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн гэж тодотгож болно. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны сонгууль болохын өмнө өнөөгийн НИТХ-ын дарга Р.Дагва, тухайн үеийн Баянгол дүүргийн намын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа нар хэвлэлийн хурал хийж, Су.Батболдыг “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн намын хорооны даргаар томилохыг эсэргүүцэж байсан юм. Тэр бүү хэл, төв талбайд суулт зарлахаа ч мэдэгдэж байлаа.

Үүнээс гадна Су.Батболдыг хотын даргаас огцруулах жагсаалд ч тэрбээр оролцож явсан нэгэн. Энэ бүхнийх нь шагнал болгож “Эрдэнэт үйлдвэр”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргаар томилсон гэх яриа МАН-ынхны дунд одоо ч бий. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хүн гэлцдэг.

Ямартай ч Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга хэмээх улс төрийн албан тушаалтан дээрх албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь үнэн юм. Орхон аймагт амьдардаггүй, Эрдэнэт үйлдвэрээ төдийлөн бүрэн мэддэггүй хүнийг эл газрын даргаар томилсонд нам доторх цөөнгүй хүн эсэргүүцсэн гэдэг. Гэвч яаж ч чадаагүй...

Түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл оны өмнөхөн цацагдсан нь авто осол. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг Орхон голын орчимд “Ланд круйзер-200” маркийн автомашин Улаанбаатараас Эрдэнэт орох замдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ гүйцэж түрүүлсэн машинаа мөргөж, улмаар эсрэг урсгалд явж байсан “Toyota Voltz” маркийн авто машиныг мөргөсөн ноцтой осол гарсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв.  

Ослын улмаас иргэн Г газар дээрээ нас барж, талийгчийн нөхөр нь болох жолоо барьж явсан иргэн тархины хүнд гэмтэл авсан байдаг.

Осол гаргасан “Ланд круйзер-200” маркийн автомашин “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Улаанбаатар хотод унадаг машин байсан бөгөөд тухайн үед машинд “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нөхөр жолоочийн хамт гурвуул зорчиж явсан гэдэг.

Байж боломгүй хамгийн аймшигтай зүйл нь тэд ослын дараа хүмүүсийг сандарч байх хооронд машиныхаа номерыг тайлж авсан төдийгүй машинаасаа огт гараагүй, осолдсон хүмүүст тусламж үзүүлээгүй гэх гэрчүүдийн мэдээлэл бий.

Б.Сэмжидмаа нь тэр үед нөхрийн хамтаар “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын шинэ жилийн үйл ажиллагаанд явж байсан гэдэг. Тэрбээр осол гарахаас хоёр сарын өмнө буюу аравдугаар сард НАЭМХ-ын Олон нийт төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

ТӨҮГ, харьяа агентлагуудын удирдлагын баг бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийгдэж эхэлсэн энэ үед түүний суудлыг авах тухай ч асуудал хөндөгдөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү