Ээлжит бус чуулганаар нөхөн сонгуулийг товлоно


2020-08-17 07:11:11

Өнөөдөр ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. Чуулганы хуралдаанаар төсөвт тодотгол хийнэ. Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, сар бүр 100.000 төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Ингэснээр 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Мөн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг он дуустал олгоход 22 тэрбум, үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэхээр болсон гээд олон зүйл бий.

Цар тахлын улмаас Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2%-тай тэнцсэн байна. Мөн дээрх халамжуудыг олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа юм. Ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ бүхнийг хэлэлцэнэ.

Мөн Сэлэнгэ аймгийн нөхөн сонгуулийн товыг зарлана гэх мэдээлэл бий. УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат шүүхээс 6 жилийн ял сонссон. Тиймээс нөхөн сонгуулийг товлон зарлана хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн билээ.

Чуулганаар хэлэлцэх асуудал:
1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтоосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү