Ээлжит бус чуулган 57.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ


2020-08-17 10:50:24

УИХ-ын ээлжит бус чуулган 57.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Үндсэн хуулийн Цэцийн дарга, Монгол дахь гадаад орнуудын Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцсон.

Ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн 2020 оны улсын төсөвт тодотгол хийхээс гадна удахгүй болох гэж орон нутгийн сонгуулиас урьтаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх зэрэг цаг алдалгүй шийдэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Мөн тэрбээр Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ анхдугаар ээлжит бус чуулганаа хийж байгааг онцлоод "Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Коронавирусийн цар тахлын үед Монголын ард түмэнтэй илүү ойр дотно харилцаатай байж, дэмжин тусалж буй ОХУ, БНХАУ болон АНУ, Япон Улс, Европын холбоо, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын тэрүүн, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь УИХ-ын  гишүүдийн үүрэг" хэмээлээ. 

Чуулганаар

Ээлжит бус чуулганаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд; Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг

“Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр тогтсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү